Казахстанд шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардсан жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-01-03 16:52:50

НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстаны баруун өмнөд нутгийн Мангистау мужид шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардсан жагсаал болсны дараа тус улсын Ерөнхий сайд Аскар Мамин мужийн байдлыг зохицуулах Засгийн газрын комисс байгуулахыг үүрэг болгожээ. 


Мангистау мужийн Жанаозен болон Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардан ням гарагт жагсаж, хотуудын төвийн замын хөдөлгөөнийг хаажээ. Жагсагчдын хэлж буйгаар, нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг литр шингэрүүлсэн хийн үнэ 120 тенге (0.27 ам.доллар) болж өссөн бөгөөд жагсагчид 60 тенге (0.13 ам.доллар) болгож бууруулахыг шаардсан байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев бүс нутгийн нөхцөл байдлыг эдийн засгийн үндэслэл, хууль эрх зүйн хүрээнд яаралтай авч хэлэлцэхийг Засгийн газартаа үүрэг болгожээ. Иргэд эрх баригч нарт шаардлагаа ил тод илэрхийлэх эрхтэй ч үүнийг хууль тогтоомж, тэр дундаа тайван жагсаалын тухай хуулийн дагуу хийх ёстой гэж тэрбээр мэдэгдсэн байна.


“Ерөнхий сайдын үүрэг болгосноор Мангистау мужийн нийгэм, эдийн засгийн байдлыг хэлэлцэх Засгийн газрын комиссыг байгууллаа. Төрийн тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Засгийн газраас шингэрүүлсэн нефтийн хийн үнэд зохицуулалт хийх багц арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэж Казахстаны Засгийн газрын хэвлэлийн алба мэдэгджээ.


関連ニュース