Хариуцсан ажилдаа эзэн байх зарчмыг баримталж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2022 онд “Хариуцсан ажилдаа эзэн байна” гэсэн уриалгыг
аймгийн Засаг даргаас дэвшүүлж бүх шатны төрийн байгууллагын удирдлага,
ажилтан, албан хаагчдыг уг уриалгыг зарчим болгон мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн энэ оныг "Хүүхэд хамгааллын жил” болгон ажиллах хүрээнд төрийн
байгууллагын удирдлага бүр байгууллагынхаа хүүхэд хамгааллын зөвлөлийн даргын
үүргийг давхар гүйцэтгэн ажилтан, албан хаагчдынхаа ар гэрийн судалгааг
нарийвчлан гаргах, хүүхдүүдийг аливаа эрсдэлээс хамгаалах чиглэлд тодорхой
ажлуудыг зохион байгуулж тайлагнахыг бүх хэлтэс, газрын удирдлагуудад
даалгав.
Өнгөрсөн онд аймгийн Засаг даргаас
санаачлан эхлүүүлсэн “Ёс зүйтэй, хүнд сурталгүй төрийн алба” аяныг үргэлжлүүлэн төрийн албан хаагч
бүр дараах 3 зарчмыг баримтлан ажиллахыг дахин санууллаа. Үүнд:
1. Авлига, ашиг сонирхлоос ангид байх
2. Албан хаагч бүр ёс зүйгээ
баримтлан, харилцаа хандлага сайжруулж алдаа дутагдал гаргахгүй байх
3. Байгууллагын соёлыг хэвшүүлэхийг
анхаарууллаа.
Өнөөдрөөс иргэдэд шууд үйлчилгээ
үзүүлдэг төрийн байгууллагуудад аймгийн засаг даргад хүрэх иргэдийн санал
хүсэлтийг хүлээн авах хайрцаг байршуулж эхэлсэн бөгөөд тухайн байгууллага
хайрцгийн бүрэн бүтэн байдал, хувь хүний нууцыг хамгаалахыг үүрэг болгов. Мөн бүх шатны төрийн байгууллагууд
төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн
байгууллагуудад ил тод, нээлттэй өгч иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллахыг
дахин анхаарууллаа.
2021 онд Дарханчууд цар тахалттай
амжилттай үргэжлүүлэн тэмцсэний зэрэгцээ хотынхоо хөгжил цэцэглэлтийг
урагшлуулах ололт амжилттай олон ажлын ард хамтдаа гарсан. Энэ онд ч
амжилтаа бататган илүү хариуцлагатай, нэр төртэй ажиллахыг хүслээ.