Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөртөө ажлын байр бий болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-07 16:03:04

Архангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхэлдэг ХБИ-ийн тоог нэмэгдүүлж, өөртөө ажлын байр бий болгосон энэ бүсгүйг Г.Өлзийсайхан гэдэг. Тулах эрхтний бэрхшээлтэй тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан тендерт төслөө илгээсэн нь дэмжигдсэнээр хэвлэлийн ажлаа эхлүүлжээ. “Өлзий эхлэл” хэвлэлийн үйлчилгээ арав орчим нэр төрлийн эх бэлтгэх юм.

Г.Өлзийсайхан шиг өөртөө ажлын байр бий болгож байгаа иргэдийг аймаг, орон нутгаас дэмжээд өгвөл үйл ажиллагаагаа өргөжүүлж, дахиад ажлын байраа нэмэгдүүлэх боломж бийг тэрээр онцолж байв. Түүнчлэн бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа энэ үед ажлаа эхлүүлсэн учраас нутгийн иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй гэлээ. Учир нь эхлүүлсэн үйл ажиллагаагаа таслахгүй, бүтээгдэхүүний материалаа авахын тулд захиалга авах нь чухал болохыг учирлаж байсан юм.

Архангай аймгийн хэмжээнд 3500 орчим ХБИ байдаг. Үүнээс 195 иргэн хөдөлмөр эрхэлдгийн 88 нь төсвийн байгууллагад, зургаа нь хувийн хэвшилд ажилладаг байна.

2019 онд төрийн албанд 139 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байжээ. 

関連ニュース