Архангай аймаг улбар шар түвшинд шилжиж, олон нийтийн үйл ажиллагааг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-17 19:50:16

Архангай /МОНЦАМЭ/. АОК өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Доорх шийдвэрүүд нь 2022.01.20 -ны өдрөөс эхлэн хэрэгжих ажээ.

Монгол Улсад коронавирусний мутацлагдсан шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын "УЛБАР ШАР ТҮВШИН"-д шилжүүлсүгэй. 

-Бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн үйл ажиллагаа, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, аялал зугаалга зохион байгуулахыг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 06:00 цагаас эхлэн түр хугацаагаар хориглов.

-Бүх төрлийн диско баар, караоке, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын үйлчилгээ, сургалтын төв, нийтийн халуун ус саун, бассейн, алжаал тайлах төв, ЕБС-ийн спорт заал, БТСГ-ын спорт заал, урлаг спортын уралдаан тэмцээн, баяр ёслол тэмдэглэх үйл ажиллагааг хязгаарлав.

-Хүнс, эм, усан хангамжаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, ресторан, цайны газрыг 10:00 цагаас 18:00 цаг хүртэл хугацаанд ажиллуулах

-Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд, ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт алба хаагчдын 50 хувийг гэрээс нь цахимаар ажиллуулах, жирэмсэн эх болон 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг цахимаар ажиллуулах

-Байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, албан бичиг баримтыг цахимаар хүлээн авах, солилцох, улиралд нэг удаа урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлгэх, ойрын хавьтал, халдвар авсан хүнийг ажлын байранд ажиллуулахгүй байх, ажилтан алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулах

-ЕБС-ин сурагчдыг олон нийтийн болон бусад газраар зорчихыг хязгаарлав

-Аймгийн хэмжээнд зочид буудал, шашны үйл ажиллагаа, сүм хийд мөргөлийн газар, фитнесийн үйл ажиллагааг 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын тусгай шаардлагын дагуу сумын Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулах

-Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг 10:00 цагаас 17:00 цаг хүртэл хугацаанд зөвшөөрөх

-Төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлийн нэгдсэн золголт хийхгүй байх гэжээ.

関連ニュース