Хашаат сумын 10 айлын байшинг дулаалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Жэрэс ОУБ-ын хэрэгжүүлдэг СЕМААТЕРР-II Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд Хашаат сумын ард иргэдэд “Барилгын эрчим хүчний хэмнэлт” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ.
Мөн тус сумын 10 өрхийг сонгон байшинг нь хялбар байдлаар үнэгүй дулаалсан байна. Ингэхдээ 5 айлын байшингийн дээвэр, хаалга, цонхыг, 5 айлын байшингийн хаалга, цонхыг дулаалж, тухайн айлуудын гэрэлтүүлгийг эрчим хүчний хэмнэлттэй лед гэрэлтүүлгээр сольжээ. Дулаалгын ажлын үеэр дулааны камераар байшингийн дулаан алдаж буй хэсгүүдийг тодорхойлж, цаашид байшингаа хэрхэн дулаалах, дулаалахдаа ямар материал сонгох талаар мэдээлэл зөвлөгөөг өгчээ.
Хаалга, цонх, дээврээ дулаалуулсан Хашаат сумын иргэн Амаржаргал: -Манайх өмнө нь шөнө унтахдаа ч галладаг, байнгын давхар хөнжилтэй унтдаг байлаа. Байшингаа дулаалуулсны дараа шөнө гал түлсэнгүй, давхар хөнжлөөр хучаагүй хирнээ сайхан дулаан хонолоо. Байшингаа дулаалах нь өрхийн төсөв, тав тухад их нөлөөтэй юм байна. Эгч нь ирэх өвлөөс өмнө байшингаа та бүхний зөвлөсний дагуу дулаална" гэв.
“Барилгын эрчим хүчний хэмнэлт” нээлттэй өдөрлөгийн үеэр төслийн үйл ажиллагааг танилцуулан, хувийн байшингаа хэрхэн дулаалах, дулаалгын материал сонголтын талаар болон байшингаа дулаалснаар эрүүл мэнд, байгаль орчин, тав тух, эдийн засгийн ач холбогдлын талаар мэдээллийг өгчээ.