ОХУ-ын Газпромбанкны удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. ОХУ-ын Газпромбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Нефть хийн төслийн газрын дарга Родионов Михаил Юрьевич, төслийн газрын захирал Смелов Владимир Олегович, төслийн орлогч захирал Лавров Леонид Алексеевич тэргүүтэй Газпромбанкны удирдлагууд аймгийн Засаг дарга Мишкагийн Батжаргалтай өнөөдөр албан уулзалт хийжээ.
Аймгийн Засаг дарга М.Батжаргал:
-Бид нэг дэлхийтэй. Дэлхийн дулаарал, агаарын бохирдол, азоны цоорол зэрэг нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын тулд байгалийн хий, нар, усны цахилгааныг хэрэглэх цаг үе нь иржээ. Жилийн дөрвөн улиралд мал сүргээ хариулж явдаг малчдын хувьд ч сааль сүүгээ боловсруулахдаа орчин цагийн технологи ашиглах шаардлага ирснийг уулзалтын эхэнд хэлж байлаа.
Байгалийн хий үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Газпром компанийн Газпромбанкны удирдлагууд аймгийн Засаг даргатай санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бүс нутгийн онцлогт тохирсон байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний талаар санал солилцлоо.
-Нарлаг, дулаахан цаг агаар зонхилсон Архангай аймагт нарны эрчим хүчээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх зохимжтой бөгөөд байгалийн хийн шингэрүүлсэн түлш болоод нарны эрчим хүчийг хослуулбал эдийн засаг талаасаа сонгомол шийдэл болно.
Архангай аймгийн зүгээс хэрэгцээ, нийлүүлэлтийх нь судалгаагааг гаргаж өгөх шаардлагатай. Бид хамтарч ажиллахад бэлэн байна" гэжээ.
Ирсэн зочид хоёр талын уулзалтад сэтгэл хангалуун байснаа илэрхийлж, байгальд ээлтэй сайн түншлэл “төрнө” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.