Бараа, үйлчилгээний үнэ тариф өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-07 17:01:59

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2021 оны 12 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тарифыг өмнөх 11 сартай харьцуулахад 1.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10.8 хувиар өсжээ. 

Өнгөрсөн 11 дүгээр сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 39 (16.4%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, 1 (0.4%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 198 (83.2%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байж. Тухайлбал, өмнөх 11 сарынхаас хонь, үхрийн мах, сүү, ургамлын тос, төмс, лууван, гурил, гоймон, хорхой ааруул, цагаан будаа, шар тос, эдийн саван, бүх төрлийн бензин шатахуун, ариун цэврийн цаас, аяга таваг угаагч зэргийн үнэ 0.2-15.1 хувиар өссөн байна.

Харин өмнөх оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд 2 (0.8%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 124 (52.1%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 115 (47.1%) нэр төрлийн бүтээгдэхүүний  үнэ тогтвортой байна.

Тухайлбал, өнгөрсөн оны мөн үеийнхээс төмс, ямааны ястай мах зэргийн үнэ 3.7 – 5.4 хувиар буурсан бол цагаан будаа, гурил, гоймон, хиам, хонь, адуу, үхэр, тахианы мах, масло, ургамлын тос, шар тос, сүү, хорхой ааруул, сонгино, саримс, амтат чинжүү, төмс, лууван, алим, мандарин, үзэм, хатаасан жимс, исгэгч, давс, тосон будаг, хадаас, түлшний мод, гэрийн гадуур бүрээс, орны бүтээлэг, хуруу зай, данх, цайны халуун сав, лаа, шүдэнз, угаалгын нунтаг, эдийн саван, даралтны эм зэрэг барааны үнэ 0.1 хувиас 3.2 дахин ихээр нэмэгдсэн байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.  

関連ニュース