Өндөр-Улаан сумын цэцэрлэгийн халаалтын жилийн эрчим хүчний хэрэгцээг 54 хувиар бууруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Жэрэс олон улсын байгууллага Архангай аймагтай хамтран хэрэгжүүлж буй Семаатерр -II Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд Жэрэс ОУБ, Архангай аймаг, Өндөр-Улаан сумын хамтарсан санхүүжилтээр Өндөр-Улаан сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажлыг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, Өндөр-Улаан сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажлыг хийж, халаалтын жилийн эрчим хүчний хэрэгцээг 54 хувиар бууруулан, барилгын эрчим хүчний хэрэгцээний ангиллын “Е” түвшингээс “С” түвшин буюу нормын түвшинд хүргэсэн байна.

Тус цэцэрлэгийн хавтгай дээвэр, хөндий шал, баганан суурийн дулаалгын ажлыг Семаатерр II төслийн хүрээнд 2020 онд хийсэн “Архангай аймгийн олон нийтийн барилгын эрчим хүч хэмнэлтийн суурь судалгаа”-ны дүгнэлтэд үндэслэн сумдын олон нийтийн барилгад тулгамдаж буй нийтлэг асуудлууд болох хавтгай дээврийн ус тусгаарлалт, дулаалгын асуудал, цэвдэгтэй бүс нутгийн баганан суурьт, хөндий шалтай барилгын шал, суурийн дулаан алдагдлыг бууруулан, барилгын насжилтыг уртасгаж, багш сурагчдын суралцах болон ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулахыг зорьсон байна.

Дээрх дулаалгын ажил нь 2021 оноос эхлэн мөрдөгдөж байгаа “Барилгын дулаан хамгаалалт” /БНбд25-01-20/-ын норм стандартыг мөрджээ. Цэцэрлэгийн барилгад дулаалга хийснээр халаалтын жилийн эрчим хүчний хэрэгцээг 54 хувиар бууруулж, барилгын эрчим хүчний хэрэгцээний ангиллын “Е” түвшнээс “С” түвшинд хүргэж чадсан байна. Дулаалгын ажлын зураг төслийг Архангай аймгийн “Дэлийн хотгор” ХХК төслийн багтай хамтран хийж, барилгын дулаалгын ажлыг Архангай аймгийн “Газрын гагнаас” ХХК гүйцэтгэжээ.
Дээрх дулаалгын ажлын хүрээнд Өндөр-Улаан суманд Архангай аймгийн цэвдгийн бүсийн сумд болох Хангай, Тариат, Цахир мөн Эрдэнэбулган, Цэнхэр сумын удирдлагууд, сургуул,ь цэцэрлэгийн эрхлэгч нар, Архангай аймгийн техникийн салбарын мэргэжилтнүүд, инженерүүд, барилгын компаниуд зэрэг 100 гаруй мэргэжилтэн, шийдвэр гаргагч нарт газар дээрх онол, практик хосолсон сургалтууд, мөн Өндөр-Улаан сумын ард иргэдэд барилгын дулаан алдагдал, эрчим хүчний үр ашгийн талаар нээлттэй өдөрлөгүүдийг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон байна.
Цэцэрлэгийн барилгын дулаалгын ажлын хүрээнд хавтгай дээврийн ус тусгаарлалтыг PVC мембран материалыг ашиглан анх удаа Архангай аймагт гүйцэтгэсэн байна. Мөн нэмэлтээр цэцэрлэгийн барилгын гадна хананы өнгийг сэргээх, гадна модон хаалгыг төмөр хаалгаар солих, цонхны жийргэвч резинийг шинэчлэн солих ажлуудыг хийжээ.