Д.Лхагвасүрэн: Уран зохиолын ном уншдаг хүн сэтгэлийн боловсрол хамгийн сайн хүн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-22 10:56:37
Архангай /МОНЦАМЭ/. Ном унших дуртай хүмүүс Архангай аймагт "Тархины булчин" клубийг ажиллуулж, ном уншихын ач холбогдлын тухай ярилцан, бие биедээ ном өгөх, солилцох, цаашлаад ном цуглуулах аяныг хүртэл зохион байгуулдаг. Энэ удаад клубийн нэгэн ном унших дуртай залуу төрийн албан хаагч, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 
-Номд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хамгийн чухал хэсэг байдаг шүү дээ. Та өөрийнхөө номын санг танилцуулаач?
-Би нэг том ажлын ард гарах бүртээ өөртөө ном бэлэглэдэг заншилтай болсон. Миний номын санд орчин цагийн хамгийн их уншилттай ихэнх номууд бий. Ихэнх номоо өөрөө уншчихсан, тэгээд харахаар ном бүхэн минь надад өөртөө итгэх итгэлийг өгдөг юм. Ном авахдаа би тийм том ажлын ард гарсандаа, би чадсандаа гээд л ном бүхэн минь түүхтэй. Ханын стенкээ нэг талыг дүүртэл номтой болчихжээ, одоо номд зориулж жижигхэн номын булантай болохыг мөрөөдөж байна.
-Анх уншихад номд дуртай болгосон ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэвэл?
-Миний амьдралын үзэх үзлийг хамгийн их өөрчилсөн, намайг өнөөгийн энэ дүр бүтээлцсэн гэж гүнээ итгэн явдаг нэг ном байдаг юм. Тэр нь Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”. “Чи явна, би явна, цэцэг л үлдэнэ” гээд номын энэ хэсэг бол миний амьдралдаа баримталдаг зарчим юм уу даа. Ер нь бид бүгд хэзээ нэгэн цагт буцна, гэтэл юу үлдэх вэ? Бидний хийсэн бүтээсэн л үлдэнэ. Тэгэхээр намайг орлоод үлдэх, нэг дурсаад ярих бүтээсэн зүйлтэй буцахсандаа гэж боддог юм. Хүмүүс ихэвчлэн хувь хүний хөгжлийн номыг ширээний номоороо сонгодог, би бол энэ номоо л эргүүлж нэг хараад эрч хүч авдаг, эсвэл хааяахан хөнгөн гуниглаж бүхнийг эргэцүүлдэг юм. Унших бүрт минь өөр өөр мэдрэмж, өөр өөр шинэлэг зүйлсийг анзаардаг. Хүн бүрийн дотоод ертөнцийг харахыг танихыг, мэдрэхийг хичээдэг нь энэ номоос авсан хамгийн том давуу тал минь юм уу даа гэж хардаг. Би нийгмийн ажилтан мэргэжилтэй. Манай мэргэжлийн гол үндсэн зарчим эмпати байх юм. Үүнийг би энэ номоос хамгийн ихээр мэдэрч байлаа.
-Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
-Уран зохиолын. Уран зохиолын ном уншдаг хүн сэтгэлийн боловсрол хамгийн сайн хүмүүс байдаг юм. Анзаараарай.
-Хайртай зохиолч нь хэн бэ?
-Дээр дурдсанчлан Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Тодкосамсоны бичлэгийн хэлбэр сүүлийн үед бас их таалагдаж байна. С.Эрдэнэ гуай бүх зохиолд үнэхээр хайртай.
-Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
-Сүүлийн үед хамгийн их уншигдаж байгаа номыг болон шинээр гарч байгаа номыг сонирхоод л уншчихдаг юм. Номын тухай маш олон бүлгэмүүд байдаг шүү дээ тэндээс мэдээллээ авдаг.
-Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо танилцуулаач?
-С.Баярын 60 хоног жарны бутархай номыг уншсан. Бас л гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Дурдатгал ном талаас нь харвал үнэхээр сайн ном шиг санагдсан. Тэр бичлэгийн хэлбэр нь их таалагдсан хэрэг. Одоо бидний үеийнхнээс тийм хэв маягаар, тийм үг хэллэгээр ийм төрлийн зохиол бичигдэхгүй байх гэж харуусч бодогдоод байгаа.
Бас нэг ном үнэхээр шаналгаж чадсан. Ма Жианы “Хэлээ гарга” гээд жижигхэн ном. Энэ ном бол үнэхээр хүнд зохиол. Бодох төдийд л уй гуниг, бодрол, цөхрөл мэдрэгдэж байна. Яримааргүй...
Одоо бол хүмүүсийн шуураад байгаа “Цагаан бороо” номыг эхлүүлчихсэн байна.
-Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
-Ном бүхэн минь өөрийн түүхтэй. Би номоо хүнд маш их дамжуулж уншуулдаг юм. Миний “Жаран цагаан хонь” /анхны хэвлэл/ одоогийн байдлаар хамгийн олон хүн дамжуулж уншсан 60 гаруй хүн уншиж, 3 аймаг дамнан уншигдаж, 1 удаа хил гарсан /инээв/. Надад маш том амжилт юм шиг санагддаг юм номын санд минь бүртгэлтэй хэрнээ, тавиур дээр нэг хонож үзээгүй байхаа, тасралтгүй л дамжигдаад уншигдаж л байдаг юм.
-Таны хамгийн олон удаа уншсан ном?
-Үзэхийн хязгаар л юм уу даа, гунихдаа, баярлахдаа, хэцүү санагдвал, ер нь нэг тийм ойлгомжгүй мэдрэмжүүд зэрэгцээд яахаа мэдэхээ болих бүрт минь чиг гаргаж өгдөг юм.
-Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар уншихыг эрхэмлэдэг вэ?
-Цагаан бороо номыг М плас-аас аваад уншсан, сонссон үнэхээр явахгүй юм билээ. Тэгэхээр нь цаасан хэвлэлээр нь аваад овоо уншиж байгаа. Надад бол уламжлалт цаасан хэвлэл нь тохирох юм байна лээ.
-Номоос санал болгох эшлэл?
-Миний цээжинд байдаг нэгэн шүлэг санаанд орлоо.
Толины өмнө /Л.Өлзийтөгс/
Үгүй дээ үгүй, энэ бол би биш
Үнэндээ надаас юу ч өөрчлөгдөөгүй
Өнөө л, зүүдэндээ үздэг далавчит морь
Өнөө л, зүрхнээсээ хэлдэг жигүүрт үгс
Салхитайд ч, бороотойд ч, би урьдынхаараа
Сайхан бүхэнд тэмүүлдэг хэвээрээ
Охин хэвээрээ, би хүүхдээрээ
Он жилүүдийн үүдэнд үргэлж ариунаараа
Надаас юу ч өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй
Найз минь энэ бол би биш
Намрын бурхадын санаандгүй таталсан дутуу хөрөг
-Ном уншсанаар танд ямар дадал бий болсон бэ?
-Хэцүү асуулт байна. Цүнхэндээ байнга ямар нэгэн уншиж амжаагүй номоо авч явдаг зуршилтай. Ном унш гэж байнга үглэдэг дадалтай. /инээв/ Хүмүүс самар ид гэдэг дээ. Би бол ном унш л гэдэг юм. Бас яг баригдмал биш, хүссэн үедээ уншиж, хүссэн үедээ больдог. Олон ном уншаад өөрт чинь яг юу нь хэрэг болж байна вэ? гэдгийг л ойлгох хэрэгтэй юм билээ. Би ч бас жилд тэдэн ном гэж зорилготой уншиж үзсээн, түүний дараа надад яг юу хэрэг болсон бэ? Яг ийм ямар дадал суусан бэ, гэхээр би хариулж чадахгүй байгаа юм. Нэг л зүйлийг ойлгосон, миний унших дуртай уран зохиолын төрлийн номыг тэгж зорилго тавьж уншдаггүй юм билээ. Утга зохиол тэгж хайрцаг ордоггүй бас багтдаггүй юм билээ.
-Ном унших соёлыг дагаад өөртөө ямар соёл бий болгосон бэ? Ямар ач холбогдолтой гэж боддог вэ?
-Номоо цэвэрхэн унших. Намайг дагаад хүүхдүүд минь ч бас номд хайртай болж хүмүүжиж байгаад баярладаг. Миний жаахнууд их сахилгагүй ээ. Гэхдээ ээжийнхээ номын санд бол хэзээ ч ойртохгүй шүү.
-Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
-Үзэхийн хязгаар гээд хэлчихвэл арай л уйтгартай санагдах байхдаа. Б.Баясгалангийн “Эдгэрэл” шүлгийн түүврийг номыг аваад явдаг юм уу? Сонирхолтой сонголт байна байх.
-Ярилцсанд баярлалаа.
関連ニュース