АНУ-ын буцалтгүй тусламжаар хүүхдийн хоёр цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-24 10:36:17
Архангай /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжих бүлгийн ахлагч Пэр Жонсон тэргүүтэй ажлын багийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзжээ.
АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Тариат, Эрдэнэбулган суманд хүүхдийн цэцэрлэг барихаар болсон.
Уулзалтын эхэнд цэцэрлэг барих төслийн талаар ажлын багийн ахлагч Пэр Жонсон Засаг даргад танилцууллаа.
Тодруулбал, энэ онд барилгын зураг, санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, Тариат сумын хүүхдийн цэцэрлэгийг 2025 онд Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр АНУ, Архангай аймаг хоорондын хамтын ажиллагаа дахь төслүүдийн талаар ч талууд мэдээлэл солилцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамнаас Архангай аймагт гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах харилцаа холбоо, сургалт сурталчилгаа, тоног төхөөрөмжүүдийг багтаасан "Шуурхай штабын нэгдсэн төв"-ийг байгуулж өгөх болсноо илэрхийлж байлаа.
Энэ төв ашиглалтад орсноор гамшиг ослын үед орон зай цаг хугацаанаас үл хамаарч Архангай аймгийн ард иргэдэд нэгдсэн мэдээллийг дамжуулах боломж нээгдэнэ гэдгийг Иргэн цэргийн дэмжих бүлгээс онцолж байлаа.
関連ニュース