Он гарсаар найман удаагийн гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд аймгийн ОБГ-т энэ оны 1, 2 дугаар сард 8 удаагийн гал түймэр, гамшиг осол бүртгэгджээ. Үүнээс объектын гал түймэр 5, малын гоц халдварт өвчин 2, хүний гоц халдварт цар тахал 1 гарч ОБГ-ын алба хаагчид дээрх гамшиг ослоос хоёр иргэний амь, 50.0 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Харин өнгөрөгч 2021 онд нийт 123 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага иржээ. Задалбал, объектын гал түймэр 44, хээрийн түймэр 2, хүчтэй салхи шуурга 6, газар хөдлөлт 7, эрэн хайх, аврах ажиллагаа 8, гол, нуурын усанд унаж осолдсон 7, зам тээврийн осол 4, үер, усны дуудлага 34, малын гоц халдварт өвчин 10, хүний гоц халдварт /Ковид-19/ өвчин-19 суманд тус тус гарсан байна. Дээрх аюулт үзэгдэл, халдварт өвчний улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, коронавирус /ковид-19/ цар тахлын халдвараар 39 хүн, гол нуурын усанд осолдож 7 хүн, зам тээврийн ослоор 2 хүн, нийт 49 хүн амиа алджээ.
Онцгой байдлын газрын алба хаагчид 2021 онд 236 хүний амь, 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.