Дэлхийн мөнгөний өдрийг “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриан дор тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-21 16:22:09

Архангай /МОНЦАМЭ/. “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны нээлт боллоо. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой тус аян 10 дахь жилдээ дэлхий нийтээр тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна. Энэ жил “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриатайгаар тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улс 2013 оноос уг аянд нэгдсэн юм.

Тус аяныг Монголбанк, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв,  Арилжааны банкууд хамтран 3 дугаар сарын 27-ны өдрийг дуустал орон даяар хэрэгжүүлнэ.

Аяны хүрээнд хувь хүний санхүүгийн төлөвлөлт, ирээдүй рүү чиглэсэн хуримтлал ба хөрөнгө оруулалт хийх, мөнгөө зөв удирдсанаар ирээдүйн сайн сайхныг бүтээн бий болгож, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэх зэрэг агуулгын хүрээнд сургалт, уралдаан тэмцээн, нөлөөллийн үйл ажиллагаанууд зохион байгуулах ажээ.

関連ニュース