МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд Баян-Өлгий аймгаас зургаан оюутан сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-22 16:12:45

Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3-р сарын 22-нд Казахын ард түмэн Наурыз буюу Нарны баярыг тэмдэглэж ирсэн уламжлалтай. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд Баян-Өлгий аймгаас үе үеийн олон залуус суралцаж, “Багш” хэмээх эрхэм сайхан мэргэжлийг эзэмшин Монгол Улсын өнцөг булан бүрт сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж байна. Өнөөдөр тус сургуульд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Өлгий сумаас Я.Жанбота, Б.Бүрлен, Б.Харлыга, Т.Айгерим, Ш.Биржан, Б.Еркежан нарын нийт зургаан оюутан МХУЗ, Бага боловсролын багш мэргэжлээр суралцаж байна.

Анх 2018-2019 оны хичээлийн жилд Баян-Өлгий, Ховд аймгаас суралцаж байсан 11 оюутан санаачлан сургуулийн хүрээнд Наурызын баярыг тэмдэглэж байжээ. Энэхүү уламжлалаараа өнөөдөр сургуулийн эрдэмтэн багш нар, ажилтан, ажилчид, оюутнуудын хүрээнд Баян-Өлгий аймгийн оюутнууд нутаг орны түүх, ёс заншлаас тайлбарлан таниулж, мэдээлэл түгээн өргөн хүрээнд тэмдэглэжээ.


関連ニュース