Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-23 20:01:41
Архангай /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн энэ оны анхны хурал боллоо. Хуралд аймгийн Засаг дарга М.Батжаргал, Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат болон салбар зөвлөлийн гишүүд оролцсон. Хурлаар салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Аймгийн Засаг даргын зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаанд салбарын байгууллагуудын удирдлагууд, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллүүд идэвх санаачилгатай байж, анхаарч ажиллахыг чиглэл болгов.
Зөвлөлийн нарийн бичгийн дарга нар нь салбар дундын ажлын уялдаа холбоог хангах ажлаа сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг санал болгосон юм. Мөн сумын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих явган зам, налуу шатыг стандартын дагуу хийх зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгож ажиллахаар төлөвлөсөн тухай мэдээлсэн юм.

Тус салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 24 зорилт, арга хэмжээг тусгаснаас онцлох ажлуудыг танилцуулбал:
- Хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулах,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах,
- Хувийн туслах үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлэх,
- Одоогийн ашиглагдаж байгаа төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандартын ариун цэврийн өрөө бий болгох зэрэг ажлууд байлаа.
Харин аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөнөөс хэрэгжсэн онцлох ажлууд гэвэл,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн үйл ажиллагаа явуулдаг байрны урсгал зардлыг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэсэн.
-Хувийн туслах үйлчилгээг орон нутагт туршин ажилласан байна. Байгууллагуудад хүртээмжийн үнэлгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах сургалт нөлөөллийн ажилд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 9,8 сая төгрөгийг төсөвлөн ажиллажээ.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 36 сарын хугацаанд 50 хувь нь эргэж төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг 19 иргэнд 76 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Архангай аймгийн хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн дагуу 25 ба түүнээс дээш ажилтантай 118 аж ахуй, байгууллагад зөвлөмж хүргүүлж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 25 ба түүнээс дээш ажилтантай 91 аж ахуйн нэгж, байгууллагад 181 ХБИ ажилладаг байна.

関連ニュース