Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд Төвшрүүлэх, Хайрхан, Эрдэнэмандал суманд 24 бэлчээр ашиглагч малчдын бүлэг бий болсон. Бэлчээр ашиглагч малчдын бүлэг нь Өвөрхангай, Дундговь аймагт төслийн хүрээнд мөн байгуулжээ.
Бэлчээр ашиглагч малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр холбогдох төрийн байгууллагууд, бусад хамтран ажиллах талуудтай үр дүнтэй ажиллаж, бэлчээрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор дээрх гурван аймгийн төлөөллүүдийн уулзалт, зөвлөгөөнийг Архангай аймагт зохион байгуулж байна.
Бэлчээр ашиглагч малчдын бүлгийн бэлчээрийн менежментийн гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоог хангуулах, орон нутгийн удирдлага, малчид, иргэдэд төслийн хэрэгжилт, үр нөлөөллийн талаар ойлголт мэдээлэл өгөхөд энэхүү зөвлөгөөний хэрэгцээ чухал байгааг төслийн дэд зохицуулагч Г.Баярхүү хэлж байлаа.
Архангай аймагт төслийн хүрээнд хийсэн ажлын мэдээллийг аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж танилцууллаа.
2018 оноос хойш төслийн хүрээнд нийт 18 суманд 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна. Үүнд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг 61, өвс тэжээлийн агуулах саравч 2, хүнсний ногооны зоорь 1, бог мал угаах банн 22, бизнес инкубатор төвийн барилга1, бизнес инкубатор төвийн тохижилт 1, ажлын байр 4-ийг засварлаж, малчдын сургалт мэдээллийн төв 3-ыг тохижуулжээ.
Мөн 32 толгой үржлийн мал худалдан авч, 3 ААНэгжид тоног төхөөрөмжийн дэмжлэг, огтоно устгах төхөөрөмж 15, мал үржлийн технологийн багаж тоног төхөөрөмж 1 иж бүрдэл, 3 сумын нутаг дэсвгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 3 сумын эрсдлийн санд тус бүр 20,0 сая төгрөг төвлөрүүлэх зэрэг хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байна. Мөн төслийн үндсэн Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх суманд ХААН-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 ААН, 14 иргэнийг 727,5 сая төгрөгийн төслийн зээлд хамруулсан байна.
Зөвлөгөөний үеэр аймагтаа идэвхтэй ажилласан төслийн ажилтан Г.Лхагвасүрэн, А.Алтаншагай нарт ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ийг гардууллаа.
Зөвлөгөөнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран зохион байгуулж байна.