АНУ БНАСАУ-ын сүүлд явуулсан туршилтад дүн шинжилгээ хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-03-30 13:09:54

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ шинэ тив алгасагч баллистик пуужин амжилттай бүтээсэн гэж худал мэдээлсэн байж магадгүй тухай мэдээлэл гараад байгаа энэ үед АНУ тус улсын хамгийн сүүлд явуулсан туршилтад дүн шинжилгээ хийсээр байгаа талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ.


Гэсэн хэдий ч АНУ цөмийн болон баллистик пуужингийн чадавхиа нэмэгдүүлэх чиглэлд гаргаж буй БНАСАУ-ын хүчин чармайлтад санаа зовнисон хэвээр байгааг хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлсэн байна. Түүнээс БНАСАУ-ын сүүлд туршсан пуужингийн чадавхид санаа зовниж байгаа эсэх талаар тодруулахад дээрх хариултыг өгчээ.  


БНАСАУ өнгөрсөн пүрэв гарагт тив алгасагч баллистик пуужин харваж, хожим нь пуужин 1090 км ниссэн ба нислэгийн дээд өндөр нь 6248 км байсан гэж мэдээлсэн байна. Сөүл, Вашингтоны шинжээчдийн үзэж байгаагаар, пуужинг тэгш өнцгөөр харвабал хамгийн багадаа 13 мянган км нисэх бөгөөд энэ нь АНУ-ын эх газарт тусах чадалтай гэсэн үг аж.


Пёньяны хувьд дээд тал нь 15 мянган км туулах хүчин чадалтай “Хвасон-17” пуужин туршсанаа мэдэгджээ. Харин БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, БНАСАУ гуравдугаар сарын 16-нд явуулсан “Хвасон-17” пуужингийн эхний туршилт нь амжилтгүй болсныг нуун дарагдуулахын тулд өмнөх загвар болох “Хвасон-15” пуужингаа харвасан байж магадгүй байна.


БНАСАУ энэ он гарсаар 12 удаа пуужингийн туршилт явуулснаас долоог нь нэгдүгээр сард харвасан нь ганцхан сарын хугацаанд хамгийн олон туршилт явуулсан тохиолдол болжээ. 2019 оны сүүлээс хойш цөмийн зэвсгээс ангижрах асуудлаарх хэлэлцээнээс зайлсхийж байгаа Пёньян яриа хэлэлцээ өрнүүлэх АНУ-ын саналд хариу өгөхгүй хэвээр байна. 

関連ニュース