Малчдын хоршоогоор дамжуулж Юбикаб ХХК-ийн ажилчдад эрүүл, баталгаатай мах нийлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Юбикаб ХХК-тай аймгийн ХХААГ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Юбикаб такси үйлчилгээнд 12 мянган жолооч бүртгэлтэй байдаг. Эхний ээлжид энэ компанийн жолооч нарт эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь баталгаатай махыг Архангай аймгаас нийлүүлэх санаачилгыг аймгийн Засаг даргаас гаргаж ийн санамж бичиг байгууллаа. Юбикабын 12 мянга гаруй жолооч нарт дундын зуучлагчгүй үнэ хямд, баталгаатай, бэлчээрийн малын махыг нийлүүлэхэд аймгийн ХХААГ-аас малчдын хоршоог түшиглэн зохион байгуулах юм. Нөгөө талаар малчдын хоршоо байнгын худалдан авагчтай болох боломж нээгдэж байна.
Юбикаб ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр хэлэхдээ "Энэхүү хамтын ажиллагаа нь жолооч нар болон малчдын хооронд fair trade буюу шударга худалдааг бий болгох суурь тавигдаж байна. Цаашдаа зөвхөн жолооч нарынхаа хэрэгцээг бус UBCAB аппликейшн хэрэглэгч нартаа ч энэхүү боломжийг бий болгоно" гэлээ.