Доктор П.Наранбаяр тэргүүтэй багш нар төгсөх ангийн сурагчидтай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-02 21:46:13

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Батжаргалын санаачилгаар энэ онд “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” төсөл хэрэгжиж байна.

Төслийг Олон улс судлалын доктор, Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирал асан П.Наранбаярын ахалсан “Сайн сургуулийг таны дэргэд” НҮТББ, аймгийн БШУГ хамтран хэрэгжүүлж байна.

Доктор П.Наранбаяр тэргүүтэй багш нар өнөөдөр /04.02/ аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчидтай уулзаж шалгалтдаа хэрхэн амжилттай бэлдэх, оролцох талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Аймгийн Засаг дарга М.Батжаргал: "Сургалтын тэгш бус байдлыг халахын тулд ах эгч нар нь хичээж ажиллах болно. Та бүхэн манлайлал үзүүлж, хичээгээрэй. Бид амьдрал мөрөөдлөө өөрсдөө бүтээдэг. Шалгалт хүртэлх үлдсэн хугацаандаа цаг хугацаагаа зөв төлөвлөж ЭЕШ гэсэн том зорилгодоо амжилттай хүрээрэй" хэмээн захив.

“Хүүхэд бүрд тэгш боломж-ЭЕШ 2022” төсөл 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхэлж 5 дугаар сарын 27-ны өдөр үр дүнгээ тайлагнах юм.

Төслийн багт Шинэ Монгол, Орчлон, Хобби, Монгол тэмүүлэл, Нест, 33-р сургууль, 1-р сургуулийн тэргүүлэх багш нар багтсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд биечлэн ирж оролцжээ.

関連ニュース