ЖЭРЭС ОУБ-ын төлөөлөгч нарыг хүлээж авч уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Жерес Олон улсын байгууллагын уур амьсгал, орон нутгийн хөтөлбөрийн удирдагч Клеминтэн Лараттэ, Жерес байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Элэйн Жерри нарыг аймгийн Засаг дарга М.Батжаргал хүлээн авч уулзлаа.
Жерес нь Франц улсад төвтэй олон улсын төрийн бус байгууллага бөгөөд Ази, Европ, Африк тивд хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Архангай аймагт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ард иргэдэд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд эрчим хүчний хэмнэлтийг бий болгох замаар дэмжлэг үзүүлэх зорилготой Семаатерр-II төсөл хэрэгжиж байна.
Аймгийн Засаг дарга М.Батжаргал: Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь нэг улсын бус дэлхий нийтийн анхаарах асуудал болсон. Байгаль орчныг дээдлэн, эрчим хүчний тэнцүү хуваарилалт хийж, жендэрийн эрх тэгш байдлыг анхааран эмзэг бүлгийнхэнд хүргэж ажиллаж байгаа танай байгууллагад талархал илэрхийлье. Семаатерр төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй барилгууд баригдаж, ажил үргэлжилж байгаад баяртай байна. Төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг Засаг даргын орлогч ахлан холбогдох мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр үр дүнтэй ажиллаж байгааг илэрхийлж байлаа.
Жерес Олон улсын байгууллагын уур амьсгал, орон нутгийн хөтөлбөрийн удирдагч Клеминтэн Лараттэ, Жерес байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Элэйн Жерри нар Архангай аймаг дахь албан томилолтоо энэ сарын 8-д дуусгах юм.