Архангай аймгийн нийт айл өрх 8373 тн нүүрс, 77112 м3 мод түлшинд хэрэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-07 11:18:11

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2021 онд агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн тооллогыг 19 суманд хийжээ. Энэ тооллогоор 3-15 кВт-ын хүчин чадалтай айл өрхийн гэр байшингийн энгийн зуух 5365 ширхэг байгаа бол сайжруулсан зуух 111 байжээ. Эдгээр зуухнуудад 8373 тн нүүрс, 77112 м3 мод түлшинд хэрэглэжээ.

Усан халаалтын 15-100кВт хүртэл хүчин чадалтай зуух 213, 101-4200 кВт хүртэл хүчин чадалтай 11 тоологдож, 10749,4 тн нүүрс, 7652 м3 мод түлшинд хэрэглэсэн байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Эрдэнэбулган сумын агаарын чанарыг ЦУОШТ-ийн дэргэдэх Цэцэрлэг-1 суурин харуулд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, РМ2.5 болон РМ10 тоосонцрын агууламжийг өдөрт гурван удаа 20 минутын дундаж агууламжаар тодорхойлдог байна. Агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, агаар дахь РМ2.5 болон РМ10 тоосонцрын хэмжээ агаарын чанарын стандарт MNS4585:2016 дахь хүлцэл агууламжаас хэтрээгүй байна гэсэн дүн гарчээ.

関連ニュース