Малын тоо толгойн албан татварын орлогоос үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-08 15:16:23
Архангай /МОНЦАМЭ/. Чулуут сумын ЗДТГ нь Малын тоо толгойн албан татварын орлогоос 9,5 сая төгрөгийг бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн ургамал хөрсөнд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг энгийн механик аргаар устгах ажилд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, тус сумын Хүрэм багийн 5000 га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг энэ сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн ба Хүрэм багийн малчин Ц.Дэлгэрдалайгаар ахлуулсан малчны бүлэг нийт 5000 га-аас 3000 га бэлчээрийн талбайд өөрийн гараар хийсэн багаж хэрэгслийг ашиглан аргал, хомоол зэргээр утах аргаар тэмцэх ажлыг 3 мотоцикл, 15 малчинтай хамтран зохион байгуулж байна.
Тус сум нь Малын тоо толгойн албан татварын хэмжээгээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталжээ.
関連ニュース