"Миний дэлгүүр"-ийн Архангай салбараар орон нутгийн хүнсний ногоо, өндгийг борлуулах санаачилга гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагтаа хүнсний ногоо болон өндөгний аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжийг дэмжих, бүтээгдэхүүнийг тогтвортой борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга М.Батжаргал үйлдвэрлэгч болон сүлжээ дэлгүүрийн удирдлагатай уулзалт хийжээ.
"Миний дэлгүүр" ХХК-ийн орон нутаг хариуцсан захирал Э.Мөнх-Эрдэнэ, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн аймгийн ажилтан Г.Лхагвасүрэн, "Хүрэн шувуу” фермийн захирал Б.Чойдог нар орон нутагт ажлаа хэрхэн уялдуулах талаар санал солилцлоо.
Архангай аймагт саяхан нээлтээ хийсэн "Миний дэлгүүр" сүлжээгээр аймгийн "Хүрэн шувуу"-ны өндөг болон хүнсний ногоог борлуулах боломжтойг тус дэлгүүрийн орон нутаг хариуцсан захирал Э.Мөнх-Эрдэнэ илэрхийлж байлаа.
Хамтын ажиллагааг туршилтын хугацаанд ажиглаж, сайжруулалт буюу эрэлт нийлүүлэлтийг тогтвортой байлгавал Миний дэлгүүрийн сүлжээ 30 дэлгүүрээр Архангайн өндөг, хүнсний ногоог борлуулах боломжтойг ч онцолж байв.
ЗЗББУХ /Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил/ төслийн хүрээнд Эрдэнэбулган суманд хүнсний ногооны зоорь баригдсан. Цаашид махны үйлдвэрүүд бүсчилж байгуулагдахаар байна.
Иргэдийг эрүүл аюулгүй, шинэ хүнсээр өдөр бүр хангах зорилго нь талуудын үндсэн зорилготой нийцэж байгаа учир анхны уулзалтаар хамтран ажиллах саналууд дэмжигдлээ.