Хорихоос өөр төрлийн ялаар нийт 210 ялтан шийтгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-21 12:28:56

Архангай /МОНЦАМЭ/. Эрүүгийн хуульд зааснаар хорихоос өөр төрлийн зорчих эрхийг хязгаарлах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах гэсэн дөрвөн төрлийн ял оногдуулж байна. Дээрх ял нь гэмт хэрэг үйлдсэн иргэнийг хорихгүйгээр өөр төрлийн ялаар шийтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгмээс тусгаарлахгүй, нийгэмшүүлж, гэр бүлийн батлан даалтанд байлгаж, төлбөртэй ялтны төлбөрийг төлүүлж, ялыг хэрэгжүүлдгээрээ хорих ялаас ялгаатай аж.

Архангай аймагт Шүүхээс 2022 оны 1-р улирлын байдлаар хорихоос өөр төрлийн ялаар нийт 210 ялтан шийтгүүлжээ. Ялыг төрлөөр нь авч үзвэл:

Зорчих эрхийг хязгаарлах шинэ төрлийн ялыг 2021 оны 01-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлснээр 109  ялтнаас  33  ялтан хорих ангиас суллагдаж, 75 ялтны гүйцэтгэх баримт бичиг, шийтгэх тогтоолыг шүүхээс хүлээн авсан байна. Үүний 11 ялтны ялын хугацаа бүрэн дуусчээ. Ялын хугацаанд цахим бүртгэлээс зөвшөөрөлгүй гарсан, цахим бугуйвчийг санаатайгаар эвдэж гэмтээсэн, мөн зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан 15 ялтны ялыг хорих ялаар сольж, 83 ялтныг хуульд зааснаар тодорхой хязгаарлах бүсэд байх хязгаарыг цахим бугуйвчаар тодорхойлж, ялын хэрэгжилтэнд хяналтыг тогтмол тавьж байна. 

Дээрх ялыг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутагт тухайн цахим бугуйвчийн сүлжээ байдаггүй, ялтнуудын дийлэнх хувь нь хөдөө мал малладаг, амьдарч буй хашаа саравч нь хязгаарлалтын бүсэд байгаа боловч цахим бугуйвчийн хяналтын сүлжээ байдаггүй учир ялын хэрэгжилтийг хангуулах зорилгоор тухайн ялтны харъяалалтай сум болон Эрдэнэбулган суманд түр оршин сууж хяналтанд бүртгэгдэж байна.

Зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн ялтнаас 29 ялтан буюу 24,36 хувь нь Эрдэнэбулган сумын төвд ял эдэлж байна.

Аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын байгууллагатай  2022 оны 1 дүгээр сараас эхлэн VIBER групп нээн хамтран ажиллаж, ялаас зайлсхийсэн ялтныг шуурхай олж, ял завших үйлдлийг таслан зогсоож ажилласан байна. Ингэснээр дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж байгаа аж.


Шүүхээс анх удаагийн хөнгөн гэмт хэрэгт шийтгүүлсэн хүнийг торгох ял оноосноос 82 гүйцэтгэх баримт бичгийн 99,695,0 төгрөг төвлөрүүлж биелүүлнэ. Өнөөдрийн байдлаар 56 ялтны 54,265,0 төгрөгийг бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж, 26 ялтны 45,430,0 төгрөгийн үлдэгдэлтэй, бодит биелэлт 54,0  хувьтай байна.


Нийтэд тустай ажил хийлгэх ялаар 6 ялтан 240-300 цагийн ялаар шийтгэгдэж, ялтныг нийгэмшүүлэх зорилгоор Хот тохижилт үйлчилгээний газартай гэрээ байгуулан нийтийн эзэмшлийн гудамж талбай цэвэрлүүлэх ажлыг хийлгэн ажиллаж байна. Ингэснээр ялтан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэлийг биеэр эдэлж, ухамсарлан ойлгож, нийгэмшиж, төлөвшил олж хүмүүжиж байна.


Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгэгдсэн 41 ялтнаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар 32, эмчлэх эрх хасах ялаар 2, галт зэвсэг хэрэглэхийг хориглосон 1, нийтийн албанд томилох эрх хасах ялаар 6 хүн шийтгэгдэж хууль журмын хүрээнд хяналтанд ялаа эдэлж байна.


Шүүхээс албадлагын арга хэмжээ авч тэнсэгдсэн 22, ял хойшлуулсан 2, хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 38, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 62 этгээдэд хяналтыг тавьж ажиллаж байна.

ШШГГ-аас орон нутгийн төсвийн орлогод 1 дүгээр улирлын байдлаар торгох, хөрөнгө хураах, зөрчлийн торгуулийн 105,372,0 төгрөгийг бэлэн төвлөрүүлж, эд хөрөнгөөр тээврийн хэрэгсэл  5, мотоцикль 3,  цахилгаан хөрөө 10, сүх 3 ширхэгийг тус тус хүлээлгэн өгч ажилласан байна.

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялын байдлыг урьд оны мөн үетэй харьцуулахад 16,35 хувиар өссөн нь шинэ төрлийн зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хэмээн Аймгийн ШШГГ-ын хорихоос өөр төрлийн ял хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч М.Энхтунгалаг мэдээллээ.

関連ニュース