Ухаалаг утсаар 60 сурагчийг шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Мобиком корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд “Smart education” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Архангай аймгийн хэмжээнд 6-9-р ангийн сурагчдын дунд “Ухаалаг утсаар урамтай суралцъя” эсээ бичлэгийн уралдааныг явуулахад 380 хүүхэд эсээ ирүүлснээс 60 бүтээлийг шалгаруулжээ. Хүүхэд бүрд тэгш боловсрол олгоход “Smart education” төслийн хувь нэмэр их.
“Smart education” төслийн ухаалаг утас гардуулах үйл ажиллагаа энэ сарын 23-ны өдөр Мобикомын Архангай салбарт боллоо. Аймгийн төвийн Эрдэнэбулган сумын таван сургуулиас гадна Ихтамир, Хашаат, Чулуут, Төвшрүүлэх, Өлзийт, Хайрхан, Батцэнгэл сумын 6-9-р ангийн 60 хүүхэд ухаалаг утас гардан авсан юм. Тэр дундаа Эрдэнэбулган сумын 4-р сургуулиас хамгийн олон буюу 16 сурагч эсээ бичлэгээрээ шалгарч ухаалаг утасны эзэн болжээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд аймгийн ЗДТГ, “Дэлхийн Зөн”, Боловсрол, шинжлэх ухааны газар зэрэг олон байгууллага хамтран ажилласан байна.