АРХАНГАЙ: Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг 58 албан хаагч өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-06 17:20:55
Архангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн дагуу Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөл хамтран төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 11.40 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын Хурлын танхимд зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг даргын тамгын газар зэрэг 20 байгууллагын төрийн захиргааны албанд шинээр орсон 76 төрийн албан хаагч төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөхөөс 58 албан хаагч тангараг өргөлөө. Үлдсэн 18 төрийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцоогүй байна.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд, агентлаг, сумын Засаг даргын тамгын газрын удирдлага, төрийн албан хаагчид
оролцсон юм.
関連ニュース