Америкчуудын дийлэнх нь галт зэвсгийн хуулийг чангатгах хэрэгтэй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-31 17:00:48

ВАШИНГТОН. /AP/. АНУ-д галт зэвсэг ашиглан үйлдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа тул галт зэвсгийн хяналтын тухай хуулийг чангатгах хэрэгтэй гэж тус улсын насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь үзэж байгааг нэгэн шинэ санал асуулгын дүн харуулжээ. 


Чикагогийн их сургуулийн Харрисын Төрийн бодлогын сургууль, “Associated Press” агентлаг-Олон нийттэй харилцах судалгааны төвийн санал асуулгын дүнгээс үзэхэд, америкчуудын 71 хувь нь галт зэвсгийн хяналтын хуулийг чангатгах ёстой гэж үзсэн байна. Тодруулбал, Бүгд найрамдах намын гишүдийн тэн хагас орчим, Ардчилсан намын гишүүдийн дийлэнх, галт зэвсэг эзэмшдэг өрхийн гишүүдийн дийлэнх нь ийм хариулт өгчээ. 


Ерөнхийд нь авч үзвэл, 10 америк тутмын найм нь улс оронд нь галт зэвсэг ашиглан үйлдэх гэмт хэргийн тоо өсөж байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол гуравны хоёр нь өөрийнх нь амьдардаг муж улсад ийм хэргийн тоо өсөж байна гэж хариулсан байна. Галт зэвсгээр олон хүний аминд хүрсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсонтой холбоотойгоор олон нийт ийм асуудалд илүү анхаарал хандуулах болоод буй үед долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-нд энэхүү санал асуулгыг явуулжээ.

関連ニュース