Израилаар аялах жуулчдын тоо өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-05 12:57:42

ЙЕРУСАЛИМ. /Globes/. Израил улс энэ оны гуравдугаар сард 352 мянга орчим гадаадын жуулчин хүлээн авсан талаар тус улсын Статистикийн төв товчооноос мягмар гарагт мэдээлэв. Энэ нь 2019 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.


Израилын эрх баригчид 2022 оны нэгдүгээр сараас “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн жуулчдад хилээ нээж, улмаар хоёр сарын дараагаас вакцинд хамрагдаагүй жуулчдыг хүлээн авч эхэлснээс хойш аялал жуулчлал аажмаар сэргэж байгаа юм.


Энэ оны эхний гурван сарын хугацаанд Израилыг зорин ирсэн жуулчдын тоо 916 300-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн цар тахал дэгдэхээс өмнөх 2019 оны үеийнхтэй дөхөж очсон байна.  


Израилд “COVID-19” халдварын улмаас хилийн хяналтын арга хэмжээнүүд тогтоогоод байсан 2022 оны эхний улиралд 310 мянга орчим жуулчин ирж байсан бол 2019 оны мөн улиралд түүхэндээ хамгийн олон буюу 1.1 сая орчим жуулчин хүлээн авч байжээ.


Үүнээс гадна хилийн чанадад аялах израилчуудын тоо цар тахлын өмнөх үеийн түвшнийг давсан байна. Статитикийн төв товчооны тайланд дурдсанаар, 2023 оны эхний гурван сард 1.9 сая иргэн хилийн чанадад аялжээ. 

関連ニュース