Moody's: Хятад улс дахин нээгдсэнээр Ази номхон далайн бүсийн цөөн хэдэн банканд таатай нөлөөлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
КУАЛА-ЛУМПУР. /The Edge Markets/. Хятад улс дахин нээгдсэнээр Хонконг, Макао, Монгол, Тайланд гэсэн тус улстай хиллэдэг эсвэл аялал жуулчлал, эдийн засгийн нягт харилцаатай улсуудын эдийн засагт л эергээр нөлөөлж, банкны системд таатай нөлөө үзүүлнэ гэж "Moody’s" хөрөнгө оруулалтын үйлчилгээний компани мэдээлжээ.
Үүнээс гадна,
Хонконг болон Хятадын эх газарт том хэмжээний үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан банкууд өгөөжийг нь хүртэнэ гэж даваа гарагт нийтлэгдсэн тус компанийн тайланд дурдсан байна.
Харин Хятадын эдийн засгийн сэргэлт нь дотоодод чиглэсэн үйлчилгээ, хэрэглээнээс шалтгаалах учир, түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, Ази номхон далайн бүс нутгийн ихэнх оронд инфляцын өсөлт, өндөр хүүнээс улбаатай үр дагаврууд их байгаатай холбоотойгоор бүс нутгийн бусад хэсгийн банкуудад үзүүлэх таатай нөлөө бага байх болно гэж тайланд тэмдэглэжээ.
Бараа таваарын урсгал, аялагчдын хөдөлгөөн хэвийн болох тул Хонконг (тогтвортой Aa3 түвшин), Макао (тогтвортой Aa3 түвшин), Монгол (тогтвортой B3 түвшин), Тайланд (тогтвортой Baa1 түвшин) улсуудын банкууд хамгийн таатай нөлөөлнө гэж "Moody's"-ын тайланд онцолсон байна.
Тайланд дурдсанаар, Хонконг болон Хятадын эх газрын хоорондох ачаа тээврийн машины хөдөлгөөний хязгаарлалт цуцлагдсан учраас Хонконгийн экспорт сайжирна. Түүнчлэн, Хятадын жуулчдын урсгал нэмэгдэж аялал жуулчлалын салбар нь сэргэнэ.
Монгол Улсын хувьд хилийн хяналтыг сулруулсны дараа Хятад руу хийх тус улсын экспорт сэргэж байгаа. Түүнчлэн Хятадын эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн худалдаа, аялал жуулчлал хэвийн болсноор Монгол, Хонконгод чанаргүй зээлийн (NPL) тоо буурна.
"Ковид-19" цар тахлаас өмнө аялал жуулчлалын салбарт нь гол үүрэг гүйцэтгэж байсан Хятадын жуулчид дахин аялж эхэлснээр Тайланд, Макао улсын энэ салбар сэргэж, банкуудын активын чанарт үзүүлэх дарамтыг багасгана гэж "Moody's"-ын шинжээчид үзэж байна.