ДАРХАН-УУЛ: Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн 51 хувь нь АТБӨЯХ-ийн албан татвараа төлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд бүртгэлтэй 25000 гаруй тээврийн хэрэгсэл
байдаг бөгөөд 2022 оны статистик мэдээллээс харахад 18600 тээврийн хэрэгсэл эзэмшигч авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл /АТБӨЯХ/-ийн
албан татвараа төлсөн аж. Өнөөдрийн байдлаар хамрагдвал зохих автомашины 51
хувь буюу 9200 тээврийн хэрэгслийг үзлэг, оношилгоонд хамруулж татвараа төлжээ.
Тээврийн хэрэгслийн
улсын дугаарын сүүлийн орноос хамаарч жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын
бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураамжийг төлдөг. Сар гаруй хугацаа үлдсэн бөгөөд иргэд, жолооч
нарыг татвараа хугацаандаа төлөхийг аймгийн татварын хэлтсээс уриалж байна. Хугацаа дуусах дөхөх, ялангуяа сүүлийн 14
хоногт хэт их ачаалал үүсэж зарим жолооч тээврийн хэрэгслийн татвараа хугацаанд
нь төлж чадахгүй хоцрох, түүнээс үүдэж торгуулах тохиолдол гардаг аж.
Сумдад ирэх 7 хоногт ажиллах бөгөөд тухайн заасан
өдрүүдэд татвараа төлөх боломжтой аж. Тодруулбал тавдугаар сарын 1-2-нд Хонгор сум, 3-нд Салхит гуравдугаар баг, 4-нд Орхон суманд ажиллах бол хоёр
дахь долоо хоногт Шарын гол суманд ажиллана. Мөн АТБӨЯХ-ийн албан татвараа
өөрийн биеэр очиж төлөхөөс гадна цахимаар, Гэрэгэ
киоск машинаар төлөх боломжтой
ажээ.