АХБ-ны 56 дахь удаагийн уулзалт болж шинэ хөтөлбөр танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-05-06 18:54:04

ИНЧЕОН. /MONTSAME/. Жил бүр зохион байгуулагддаг Азийн хөгжлийн банкны /АХБ/ 56 дахь удаагийн уулзалт БНСУ-ын Инчеон хотноо “Азийг сэргээхүй: Сэргэлт, Эргэн нэгдэхүй, Шинэчлэл” сэдвийн дор энэ сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 


Дөрвөн өдөр үргэлжилсэн уг уулзалт нь цар тахал дэгдсэнээс хойш анх удаагаа “цахим бус” хэлбэрээр зохион байгуулагдаж, уулзалтад тус банкны гишүүн орнуудын Сангийн сайд нар, Төв банкны захирлууд, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид, сэтгүүлч, олон улсын байгууллагын мэргэжилтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч бүхий 4500 орчим хүн оролцов.


Уулзалтын үеэр оролцогчид Ази, Номхон далайн бүс нутагт тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуудаар семинар зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цар тахлын дараах эдийн засгийн асуудал, түүнээс улбаатай тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт тэр дундаа ногоон шилжилт, ногоон ажиллах хүчний асуудалд түлхүү анхаарал хандуулсан хэлэлцүүлгүүд болж өндөрлөв.  


Уулзалтыг нээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асагава үг хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд дайн дажин, өвчин эмгэг, эдийн засгийн хүндрэл бэрхшээл хүмүүсийн аж амьдралд ноцтой хохирол учруулсан. Бүс нутагт тулгараад буй хамгийн том сорилт бол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөө улам даамжирч буй явдал юм.  Энэ нь тоо томшгүй олон төрөл зүйлд аюул занал учруулж байна. Иймд дэлхий дахин яаралтай хатуу арга хэмжээ авах ёстой. АХБ болон олон талт хөгжлийн банкууд үүнд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах санхүүгийн нөөц боломжоо дайчлах, туршлага хуримтлуулахад тэд манлайлагч нь байх ёстой. Одоо байгаа нөөц бололцооноосоо илүүг гаргах шаардлагатайг бид ойлгож байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг хөгжлийн хөтөлбөрийн эн тэргүүний зорилт болгох нь нэн чухал юм. 2000 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн 40 гаруй хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт болж, гамшигт 3,5 тэрбум орчим хүн өртөж, 1 сая орчим хүн амь үрэгджээ. 2050 онд манай бүс нутгийн хот суурин газар амьдарч буй 1 тэрбум хүн агаарын бохирдол, хэт халуунаас үүдэлтэй хямралд өртөх эрсдэлтэй байна. Иймд АХБ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хатуу арга хэмжээ авч байна. 2019-2030 онд бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж хөгжиж буй гишүүн орнууддаа 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгохоор зорьж байна. Бид 2025 оноос өмнө үйл ажиллагааагаа Парисын хэлэлцээртэй бүрэн уялдуулан зохицуулна. Бид нүүрсэнд хөрөнгө оруулахгүй бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэлээ.


Ийнхүү тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах хариу арга хэмжээ, нөөц бололцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэсэн ‘IF-CAP’ буюу “Ази, Номхон далайн Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулсан санхүүжилтийн шинэлэг /innovative/ хөтөлбөр”-өө танилцуулав. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулсан санхүүжилтэд олон тэрбумын хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татан төвлөрүүлэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрт Дани, Япон, БНСУ, Швед, Их Британи болон АНУ анхдагч түншүүд нь болж байна. Ингэхдээ бизнес хийх болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга барилаа өөрчлөх замаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ АХБ-ны Ерөнхийлөгч цохон тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний санхүүжилтэд зориулж, гаднаас баталгаа олгуулах механизм аль ч олон талт хөгжлийн банканд урьд өмнө нь хэрэгжиж байгаагүйг онцлон тэмдэглэв. 


Нэгдсэн уулзалтад Монгол Улсаас Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, болон “Хаан”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банкны төлөөлөгчид оролцлоо. 


Түүнчлэн уулзалтын үеэр болсон “Төв болон Баруун Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг сэргээхүй- Төв Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК) хөтөлбөрийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун оролцож Монгол улсын талаар байр сууриа илэрхийлсэн юм.


АХБ нь Монгол Улсын хувьд гадаад санхүүжилтийн гол эх үүсвэр юм. Тус банк нь явуулж буй  үйл ажиллагаагаа МУ-ын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулдаг бөгөөд 2017-2022 оны хугацаанд МУ-д жилд дунджаар 308.5 сая ам.долларын тусламж дэмжлэг үзүүлжээ. Одоогийн байдлаар АХБ-наас Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гээд бүхий л салбарт нийт 3.7 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, зээл олгоод байгаа аж. 


1966 онд байгуулагдсан АХБ нь эгнээндээ 68 орныг нэгтгэдгээс 49 нь Ази, Номхон далайн бүсийн улс орон юм. АХБ нь Ази, Номхон Далайн бүсийн орнуудыг нэн ядуурлаас ангижруулахад хүчин чармайлт тавихын зэрэгцээ чинээлэг, хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой бүсийг бий болгохыг зорьдог бөгөөд үүндээ хүрэхийн тулд гишүүн орнууд, түншүүддээ буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох, техникийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх замаар туслалцаа үзүүлдэг. 

Э.Аянзаяа


関連ニュース