ӨМНӨГОВЬ: “Ногоон говь-Бид бүтээнэ” уриан дор 7.5 сая мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний
хөдөлгөөний хүрээнд "Тавантолгой" ХК 6 сая мод тарихаар Өмнөговь аймгийн
БОАЖГ-тай гэрээ байгуулсан бол нийгмийн хариуцлагын
хүрээнд 1,5 сая модыг нэмж тарьж ургуулах болжээ.
Энэ ажлын хүрээнд мод тарих үндэсний өдрөөр Цогтцэций сумын шинэ суурьшлын бүсэд “Ногоон говь-Бид бүтээнэ” уриан дор "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд 2022-2030 он хүртэл нийт 7.5 сая мод тарихаа зарлаж, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран хаврын мод тарилтыг эхлүүлж 2000 ширхэг суулгац тарьж, усалгааны иж бүрэн системийг суурилууллаа.
Мөн тус компани 2023 онд Цогтцэций суманд ойжуулалтын 40 га талбайд 10000 ширхэг мод, Номгон сумын 10 га талбайд 8000 ширхэг заг тарихаар төлөвлөжээ.
"Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд 2022-2030 он хүртэл нийт 7.5 сая мод тарих бөгөөд урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, Даланзадгад, Номгон, Булган, Цогтцэций суманд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тариалалтыг өөрсдийн эзэмшлийн талбайд тарьж, үрслүүлсэн суулгацыг шилжүүлэн тарьж байгаа төдийгүй зардал, төсөв хэмнэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаараа онцлогтой.
"Тавантолгой"
ХК-ийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Мөнгөнсүх:
Энэ жилийн хувьд бид 18000 ширхэг мод
тарих зорилготой ажиллаж байна. 2000 модоо өнөөдөр Цогтцэций сумын Цагаан-Овоо
сумын нутгийн 6 га талбайд тарьж байгаа бөгөөд Номгон, Даланзадгад суманд 16 мянган мод тарина. Номгон суманд МУИС-тай хамтраад сургалт инновацын
төв байгуулаад заг тарихаар үрсэлгээ хийж байгаа. Харин Даланзадгад
суманд жимс жимсгэний 10000 мод тарихаар төлөвлөсөн.