АРХАНГАЙ: Хануй багийн төвд нутгийн брэнд модон чихэр үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-16 14:16:07

Өндөр-Улаан /МОНЦАМЭ/. Архангай аймгийн “Алаг чихэр” нэрийг авч, нутгийн брэнд болоод буй “Mon popshand made модон чихрийн үйлдвэрийг зорилоо. Газар дээр нь очиж сурвалжлах хүсэл аль 2022 оны 10 дугаар сараас эхэлсэн бөгөөд дулаан цагт зорих нь зүй юм хэмээн энэ амралтын өдөр чихрийн үйлдвэрийн зүг дөрөө мушгив.


Архангай аймгийн брэнд гэхээр шууд л цагаан идээ бодогдох буй за. Манай нутагт цагаан идээгээ сайхан хийдэг олон саальчин бий. Үүнээс гадна сарлагийн хөөврөөр хийж буй “Baby Yak”, мөн сарлагийн сүүгээр хийж буй эмчилгээний зориулалттай “Амин чанар уураг”, Жаргалант нутгийн модон эмээл гээд брэнд гэж нэрших цөөхөн бүтээгдэхүүн бий. Эдгээрийн дараа “Mon pops” hand made модон чихрийг нэрлэж болно.


Нутаг зорьсон түүх:

Аймгийн төвөөс чанх хойд зүгт Өндөр-Улаан сумын Хануй баг 120 орчим км-ийн зайд оршино. Замдаа ганц, хоёр удаа уулын горхи урссан шавартай гармаар гарсныг эс тооцвол зам шулуун байв. Аймгийн төвөөс өдөр 12.00 цаг өнгөрөөгөөд гарсан би яг л 15.00 цагт очлоо. Буйдхан, хэдэн сайхан шинэ барилгатай, эргэн тойронд мал бэлчсэн, цэвэрхэн Хануй багт ийнхүү анх удаагаа ирэв.


Цэцэрлэгтэй, Бага сургуультай энэ сайхан нутагт Улаанбаатарт төрж, өссөн Э.Ганбаатар, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдрахаар иржээ. Тэрбээр Улаанбаатарт хувийн бизнес эрхэлдэг байсан бөгөөд ковид-19 цар тахлын улмаас бизнес нь тэг зогсолт хийж, дампуурсан байна. Ингээд хөдөө амьдрах хүсэл нь илүүрхэж, аав, өвөг эцгийн нутаг Хануй багийг зорьжээ.


Тэрбээр бага, залуу насандаа Хануйд огт ирж байгаагүй ба 2008 онд анх хамаатны эгч нь нутаг усны хамаатан садан ах, дүү нартай нь уулзуулснаар жил бүр зуны цагт амрах гэж ирдэг байснаа одоо амьдрахаар ирснээ онцлов. 


“Хотод амьдрах нөхцөлгүй. Бөөн стресс, уур бүхимдалтай, хараал хэлсэн хүмүүс” гэж хотын амьдралыг төвөгшөөсөн тэрбээр Хануй багийн төвд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь өгчихөөд санаа зовох зүйлгүй, ямар ч стрессгүй, тайван амьдарч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байв.


Түүний том хүү 10 настай, бага нь охин, 5 настай. Тэд ч эрүүл агаарт, чөлөөтэй гарч гүйж тоглохдоо дуртай ба усанд явж, түлээ хагалахаас эхлээд ажилд дадаж, аав, ээждээ тус дэм болж байгаад баяртай байлаа. Мөн хөдөө амьдрахын бас нэг сайхан нь олонтойгоо, бие биеийнхээ тус дэмээр амьдарч болж байгааг тэмдэглэв.


“Алаг чихэр”-ийн санааг олсон нь: 



Нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг гаргах чин хүсэлтэй Э.Ганбаатар хоёр жилийн өмнөөс чихэр хийх санаагаа олжээ. БНСУ-д ажиллаж байхдаа чихрийн үйлдвэрт ажиллаж байсан нь нөлөөлсөн аж. Эхнэр Ж.Тунгалаг хүнсний техникч мэргэжилтэй, Ховд аймгийн харьяат хүн юм. Тэрбээр хотод байхдаа гэрээрээ бялуу хийж, хүргэлтээр зардаг байсан ба бялууны дээд хэсэгт чихэр хийж, чимэглэдэг байжээ. Мөн Ковидын үед чихрийн үйлдвэрт ажилласан нь чихэр хийхэд дөхөм болсон байна.


Эхний жил цахимаар чихэр хийх аргыг олж судалж, орц найрлагаа олох гэж олон кг элсэн чихрийг үр ашиггүй туршиж орхижээ. Олон удаагийн чаналгын үр дүнд элсэн чихэр, жимсний охь зэргийн орц найрлагатай, жимс амтагдсан амттай, том, жижиг олон төрлийн хэлбэртэй алаг модтой чихрийг гаргаж эхэлсэн байна. Шинэ юмны эхлэл бүр саад, бэрхшээлтэй ч тэр бүрийг ханийхаа хамтаар даван туулж, өнөөдрийг хүргэж, чихрээ гар аргаар тогтвортой үйлдвэрлэж байна.





Нэг ширхэг сарнайн хэлбэртэй чихрийг хийхэд дэлбээ, дэлбээгээр нь нямбайлан урлах бөгөөд арваад минут зогсоно. Харин бусад дугуй болон дэгдээхэй, гацуур, бундан хэлбэртэй чихрүүдийг чихрийн бэлдэц хөрөхөөс өмнө хэлбэрт оруулж, иш хийх учиртай тул маш хурдан хугацаанд хийнэ.


Энэ хурдаар тэд өдөртөө 3-4 удаагийн буюу 12-16 кг чаналгаар /нэг удаагийн чаналгыг 2 цаг буцалгадаг/ маш олон ширхэг чихрийг гаргадаг байна. Чихрийн үндсэн түүхий эд нь бал бурам /эрдэнэ шишийн сироп/, элсэн чихэр байх ба үлдсэн хувийг Турк улсаас татаж авсан, байгалийн гаралтай, эко жимсний 5-6 төрлийн охь, бусад нарийн орцууд орно.


Э.Ганбаатарын гэр бүлийн энэ бизнесийг дэмжиж сум, багийн удирдлагууд Хануй багийн төвийн хуучин клубийг үнэ төлбөргүйгээр ашиглахыг зөвшөөрчээ.


Бага багаар засвар хийж, тохижуулсаар өдийг хүргэсэн байна. Цаашид захиалга их гарвал том заал руугаа орж, үйлдвэрлэлээ өргөжүүлнэ гэлээ. Гэхдээ массаар үйлдвэрлэхээс илүү гараараа захиалгынхаа дагуу хийгээд явах нь илүү үнэ цэнтэй хэмээн өгүүлж байв. 


“Mon pops” hand made модон чихрийг Өмнөговь, Увс, Ховд, Орхон, Дархан-Уул аймаг, Багануураас захиалгаар авдаг байна. Мөн аймгийн төв болон Өндөр-Улаан, Эрдэнэмандал суманд борлуулдаг аж. Эхнэртэйгээ хоёулаа ажилладаг учраас зарим захиалгаа гүйцэж чадахгүй, хүн нэмж авч ажиллуулна гэхээр багийн төвд ажиллах хүн олддоггүй байна.


Эхнэр Ж.Тунгалаг хэлэхдээ “Сүү, цагаан идээ гарахаар шар сүүний болон аарцтай чихэр, ирис чихрүүдийг хийхээр орц найрлагаа судалж, туршаад бэлэн болгосон. Түүхий эдээ л хүлээж байна” хэмээн инээж суув.


Э.Ганбаатарынх чихрийн захиалга багатай үе мөн зуны цагт сум орон нутгийнхандаа талх, гурван төрлийн нарийн боов, бялуу зэргийг хийж, үйлчилж эхэлсэн нь багийн иргэд шинэ хүнсийг дэргэдээсээ авах нөхцөл боломж бүрджээ.


Хэрэглэгч олон байх тусам бидний хийж, бүтээж байгаа маань өргөжиж, тэлэх нь дамжиггүй юм хэмээн яриагаа дуусгалаа.  

“Mon pops” hand made модон чихрийн гол таних тэмдэг нь чанартай, амттай, хямд үнэтэй байхаас гадна “Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Хануй баг” гэсэн шошго юм.








関連ニュース