АРХАНГАЙ: Амьдралын хэв маягийн мэдлэг, хандлагын түвшин хангалттай ч дадал хэвшил болгохгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн амын эрүүл амьдралын тухай ойлголт, эрүүл хэв маяг, хандлагын судалгааг энэ онд аймгийн БТСГ-аас гаргажээ.
Төрийн албан хаагчдын 69.3 хувь нь амьдралын зөв хэв маягийн талаарх мэдлэгтэй бол 70.3 хувь нь зөв хандлагатай гарчээ. Хэдийгээр амьдралын хэв маягийн мэдлэг, хандлагын түвшин хангалттай ч дадал хэвшил нь 17.9 хувьтай буурч гарсан байна. Энэ нь гурван хүн тутмын нэг нь идэвхтэй хөдөлгөөнийг ажлын байрандаа, амралт чөлөөт цагаараа, ажилдаа ирж очихдоо огт хийдэггүй гэсэн үг юм.
2025 оны эхний хагас жилийн байдлаар Архангай аймгийн Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвд долоон байгууллагын 247 хүнийг урьж, хамруулжээ. Үүнээс 71.6 хувь нь илүүдэл жинтэй буюу өөхлөлт их, булчингийн масс багатай, 21.4 хувь нь хөгжиж буй бие буюу булчингийн масс их, өөхлөлт бага сайн, 7 хувь нь булчин масс хэвийн, өөхлөлт хэвийн буюу энгийн биетэй гэж гарсан байна.
Тийм учраас эрүүл идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэдийн
тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил зохион байгуулах, таргалалтыг бууруулах, биеийн
тамир спортоор хичээллэхийг уриалах, байгууллага, аж ахуй нэгжүүд ажилтнуудаа
спортоор хичээллэхийг дэмжих, орчин, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг
дээрх төвөөс мэдээлж байна.
Ulaanbaatar