Украины боомтуудаас 32 сая орчим тонн үр тариа экспортолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЖЕНЕВ. /Anadolu/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилга 2022 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлснээс хойш 31.9 сая тонн үр тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг уг санаачилгын хүрээнд экспортолжээ.
Швейцарын Женев хот дахь НҮБ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, энэхүү тоон үзүүлэлтэд Афганистан, Этиоп, Кени, Сомали, Судан, Йеменд явуулж буй хүмүүнлэгийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захиалгаар тээвэрлэсэн 625 169 тонн үр тариа орсон байна.
2022 онд Украин улс 2021 оныхтой адил Дэлхийн хүнсний хөтөлбөрийн улаан буудайн худалдан авалтын талаас илүү хувийг нийлүүлсэн гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
Энэхүү санаачилгын хүрээнд энэ оны тавдугаар сард экспортолсон хүнсний бүтээгдэхүүний хэмжээ хэрэгжиж эхэлснээс нь хойших “хамгийн доод хэмжээнд” хүрсэн бөгөөд "Украины тээвэр, экспортын хүчин чадлаас хамаагүй бага байна".
Түүнчлэн гэрээнд
бордоо, тэр дундаа аммиак экспортлох талаар мөн тусгасан болохыг дурдаад,
одоогоор ийм төрлийн экспорт хийгээгүй байна хэмээн бичжээ. Улмаар Украины
Южный боомт руу ОХУ-аас аммиак дамжуулах хоолойг дахин нээсний дараа уг
санаачилгын хүрээнд аммиакийн экспортыг эхлүүлэх боломжтой гэжээ.
Өнгөрсөн долоодугаар сард Турк, НҮБ, Орос, Украины талууд Истанбул хотноо Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн ачаа тээвэрлэлтэд хяналт тавих зорилгоор гурван улс болон НҮБ-ын төлөөлөл бүхий Хамтарсан зохицуулалтыг төвийг Истанбулд байгуулсан билээ.