“IndiGo”, “Airbus” нисэхийн түүхэн дэх хамгийн том захиалгын гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-06-20 11:32:14

ШИНЭ ДЕЛИ. /Hindustan Times/. Энэтхэгийн агаарын тээврийн хамгийн том компани болох “IndiGo” Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компаниас 500 ширхэг “A320” нисэх онгоц худалдан авахаар болсон нь арилжааны агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том захиалга болж байна. 


“Энэхүү шинэ захиалга нь “IndiGo”, “Airbus”-ын стратегийн харилцааг урьд хожид байгаагүй гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй болгоно. Шинэ захиалгаар 2006 онд байгуулагдсанаасаа хойш манай компани “Airbus”-аас 1330 нисэх онгоц захиалаад байна” гэж “IndiGo” компани мэдэгджээ.


Түлшинд хэмнэлттэй “A320NEO Family” нисэх онгоц нь үйл ажиллагааны зардлыг бууруулах, найдвартай байдлын өндөр стандарт бүхий түлшний хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлнэ гэдгийг компанийн мэдэгдэлд онцолсон байна. Одоогоор “IndiGo” 300 гаруй нисэх онгоцоор үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд урьд нь захиалсан 480 онгоцыг 2030 он гэхэд хүлээн авч дуусна. Харин шинээр захиалсан 500 онгоцыг “Airbus” 2030-2035 онд нийлүүлэх ажээ.

関連ニュース