АРХАНГАЙ: ЭЕШ-д дөрвөн сурагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-20 14:29:59

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилийн эхний элсэлтийн ерөнхий шалгалтыг 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Лаборатори 1 дүгээр сургууль дээр зохион байгууллаа. 


Архангай аймагт нийт 891 шалгуулагч нийт 2359 шалгалт өгөхөөр бүртгүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад 92 хувийн ирцтэй оролцлоо. Нийт шалгуулагчийн 70 нь өмнөх оны төгсөгч байлаа.


Тус аймагт 800 оноогоор нийт 4 сурагч үнэлэгдсэн. Үүнд: Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийн сурагч Мөнхбатын Хунцэнгэл 100 хувийн гүйцэтгэлтэйгээр математикийн хичээлээр, Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийн сурагч Эрдэнэбатын Болоржин Олон улсын шалгалтын оноог дүйцүүлж 800 оноо, Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн сурагч Шижирбаатарын Ганхөлөг нийгмийн хичээлээр 800 оноо, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Доржгочоогийн Шинэцэцэг монгол хэлний хичээлээр тус тус 800 оноо авчээ.


Тус аймаг ЭЕШ-д 750 онооноос дээш үнэлэгдсэн сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнадаг бөгөөд энэхүү болзлыг нийт 11 сурагч хангасан байна. Тус аймагт ЭЕШ-ын 10 хичээлийн 8 нь улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн үзүүлэлттэй байна.


ЭЕШ-ын дүнгээр аймгуудыг байр эзлүүлсэн дүн олон нийтийн цахим орчинд тархсан нь аймгуудын сургалтын чанарын үзүүлэлт мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж байгаа нь албан ёсны бус мэдээлэл гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байна.


Сургалтын чанарын үзүүлэлтийг Боловсролын үнэлгээний төвийн "чанарын үнэлгээний шалгалт"-аар тогтоодог. Мөн олон улсын боловсролын чанарын үнэлгээг "PISA"-гийн шалгалтаар тогтоодог бөгөөд Монгол Улсын 2022 онд PISA-гийн олон улсын боловсролын чанарын үнэлгээний шалгалтад хамрагдсан.


ЭЕШ нь сургалтын чанарыг тодорхой хэмжээнд илэрхийлж болох ч (өмнөх оны төгсөгчдийн дүн оноо хамт тооцогддог учир зөвхөн тухайн жилийн төгсөгчдийн дүн гэж үзэх боломжгүй) энэ нь багш, сурагчийн сургалтын чанарыг үнэлэх маш олон үзүүлэлтийн зөвхөн нэг үзүүлэлт гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. 

関連ニュース