Европын Холбооны эдийн засгийн аюулгүй байдлын стратегийг танилцууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /euronews/. Европын Комисс түүхэндээ анх удаа Европын Холбооны /ЕХ/ эдийн засгийн аюулгүй байдлын протекционист стратегийг танилцууллаа. Энэхүү стратеги нь Брюсселийн эрх мэдлийг өргөжүүлж, Өрнөдийн орнуудтай найрсаг бус харилцаатай улс орнуудтай худалдаа, технологийн солилцоог хязгаарлах юм.
Стратегийн багц баримт бичгийг EХ-ны цахим хуудсанд нийтэлжээ.
Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр уг төслийг Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, ЕХ-ны гадаад бодлогын албаны тэргүүн Жозеп Боррель, Европын Комиссын орлогч дарга нар болох Валдис Домабровскис, Маргрет Вестагер нар танилцуулсан байна.
Энэхүү стратегийг хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийн тулд одоо ЕХ-ны Зөвлөл, Европын парламентаар батлуулах ёстой.
Ийм стратеги боловсруулах болсон шалтгаан нь цар тахал, Украинд өдүүлсэн Оросын дайн, "эдийн засгийн дайсагнасан үйл ажиллагаа, кибер халдлага, сонгуульд хөндлөнгөөс оролцох явдал, түүнчлэн дэлхийн тавцанд хурцадмал байдал өсөн нэмэгдэхийн хэрээр Европын нийгэм, компаниуд, иргэдийн хувьд хэдэн жилийн өмнө байхгүй байсан эрсдэл, эмзэг байдал ил болсонтой холбоотой” гэж Европын Комисс цохон тэмдэглэв.
Эдийн засгийн эрсдэлүүдийн тухайд
ЕХ нь энэхүү стратегийнхаа хүрээнд "худалдааны хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт болон өөрийн экспортыг хянахын сацуу 5G ба 6G сүлжээний аюулгүй байдлыг хангах, шинэ хэрэгслийг ашиглан гадаад эдийн засгийн дарамт шахалттай /ЕХ-ны эсрэг авах гадаадын хориг арга хэмжээ/ тэмцэх зэргээр эдийн засгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг зорьж байна.
Энэхүү стратегийн зорилгыг дараах байдлаар томьёолжээ: "Нийлүүлэлтийн сүлжээг илүү тогтвортой болгох, технологи, аж үйлдвэрийн чадавхыг хөгжүүлэх, Европын нэгдсэн зах зээл, нийгэмд чиглэсэн эдийн засгийг хадгалах замаар ЕХ-ны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх явдал" юм. Үүнд ялангуяа "чухал материалуудаас хараат байдлыг багасгах, чухал материалуудын эх үүсвэр, экспортыг төрөлжүүлэх, дэвшилтэт хагас дамжуулагч, квант компьютер, биотехнологи зэрэг стратегийн технологиудыг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө".
Технологийн хязгаарлалтын тухайд
Вестагерын хэлснээр, ЕХ найрсаг бус бүх улс оронд экспортлохыг хязгаарлах давхар зориулалттай технологиудын жагсаалтыг есдүгээр сар гэхэд батална.
"Технологиудыг бид хүний эрх зөрчигдөхөд ашиглах эсэх эсвэл цэргийн зориулалтаар ашиглах эрсдэлээс хамаарч тодорхойлно. Бид жагсаалтыг есдүгээр сар гэхэд бэлтгэж дуусгана. Ингэснээр жилийн эцэс гэхэд эрсдэлийн үнэлгээний үр дүнтэй механизмтай болно" гэж тэрбээр онцлон тэмдэглээд энэ ажлыг ЕХ-той илүү нягт харилцаатай орнуудтай, түүний дотор АНУ-тай хамтран хийнэ" гэдгийг тэмдэглэсэн байна.
Харин фон дер Ляйен мэдэгдэхдээ, энэ жагсаалтад "хамгийн дэвшилтэт технологиуд орно" гээд Европын экспортод тавихаар санал болгож буй хязгаарлалт нь "гадаадын улс орнууд технологийн давуу тал олж авах эсвэл Европын дэвшилтэт технологийг цэргийн зориулалтаар ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилготой" гэж онцлон тэмдэглэв.