“Долоогийн бүлэг”-ийн Жендэрийн асуудал эрхэлсэн сайд нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-06-26 09:37:28

ТОКИО. /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Жендэрийн эрх тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд нар ажлын уян хатан хэв маяг, цалин хөлсний эрх тэгш, ил тод бодлогыг дэмжих замаар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүүг багасгахыг уриалав. Мөн жендэрийн үүргийн талаарх ойлголтыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолжээ. 


Японы Точиги мужийн Никко хотноо хоёр өдөр үргэлжилсэн энэхүү уулзалт ням гарагт өндөрлөж, сайд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд эртнээс тулгамдсаар ирсэн эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн зөрүүг шийдвэрлэх, бусад хүчин зүйлсийг зохицуулах цогц арга хэмжээ шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна.


Тэдгээр хүчин зүйлсэд удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл дутмаг байгаа, цалингүй асрах ажил, гэрийн ажлын тэгш бус хуваарилалт, эмэгтэйчүүдийг хохироож буй боловсон хүчин, цалингийн тогтолцоо зэргийг оруулжээ. Улмаар удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл дутмаг байгаа асуудлыг ажлын уян хатан хэв маяг, тэдгээр албан тушаалд цагаар ажиллах сонголтыг бий болгох зэргээр нэмэгдүүлэх боломжтойг дурдсан байна.


Мөн цалин хөлсний эрх тэгш, ил тод бодлого нь ижил ажил болон ижил үнэ цэнтэй ажилд ижил цалин хөлс олгохыг дэмжих үр дүнтэй шийдэл болно гэдгийг онцолжээ. Түүнчлэн цалингүй асрах ажил, гэрийн ажилд эрэгтэйчүүд, хөвгүүдийг илүү оролцуулахад “жендэрийн үүрэг, хэвшмэл ойлголт, өрөөсгөл ойлголтуудыг эвдэх” арга хэмжээнүүд шаардлагатай гэж үзжээ.


Баримт бичигт мөн коронавирусний цар тахал нь үйлчилгээ, халамж, эрүүл мэнд зэрэг салбарын эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтэд “ихээхэн нөлөөлснийг” тэмдэглэжээ. Тухайлбал, олон эмэгтэй хүүхдүүдээ болон гэр бүлийн бусад гишүүдээ асрахын тулд  хөдөлмөрийн зах зээлийг орхих юм уу ажиллах цагаа багасгасан байна.


Түүнчлэн жендэрийн тэгш байдлыг улам бүр ахиулах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахын тулд” цар тахлын үед үүссэн нөхцөл байдлаас суралцах ёстой гэжээ. Жишээлбэл, олон янзын ажиллах хүч бүхий байгууллагууд хямралд илүү тэсвэртэй байдаг гэдгийг тодорхой харуулсан бөгөөд ийм олон талт байдал нь корпорацийн өсөлтөд “чухал хүчин зүйл” болохыг харуулсныг онцолжээ.


Хурлыг даргалсан Японы Жендэрийн тэгш байдлын сайд Огүра Масанобү сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “Долоогийн бүлэг”-ийн орнууд нийтлэг асуудалтай тулгарч, тэдгээрийг шийдвэрлэхийн төлөө тууштай шийдвэр гаргаж янз бүрийн арга хэмжээ авч байгааг дурдаад, үр дүнтэй санал санаачилгыг хуваалцахын сацуу тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ. 

関連ニュース