"ПСЖ" Килиан Мбаппег солилцооны жагсаалтад оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС. /Sky Sport Italy/. Францын хөл бөмбөгийн "Пари Сен-Жермен" клубийн удирдлага довтлогч Килиан Мбаппег солилцоо наймааны жагсаалтад оруулсан тухай Италийн спортын сэтгүүлч Фабрицио Романо твиттер хуудсандаа мэдээлжээ.
Түүнийг мөн Японд хийх улирлын өмнөх тоглолтынхоо бүрэлдэхүүнд оруулаагүй байна.
“ПСЖ”-ийн удирдлагууд Мбаппег 2024 онд "Реал Мадрид" баг руу чөлөөт агентын хувиар (багтай байгуулсан гэрээ нь дуусгавар болсон, өөр багтай гэрээ байгуулах эрхтэй тоглогч) шилжихээр тохиролцсон гэж үзэж байгаа аж. Клубийн удирдлагууд долоодугаар сарын 15-наас өмнө тоглогчоос гэрээгээ сунгах, эсвэл энэ зун багаа орхих хүсэлтэй байгаа талаар хариу авахыг хүссэн ч тэрбээр хариу өгөөгүй байна.
Мбаппе "ПСЖ"-тэй байгуулсан гэрээгээ 2024 оны зуныг дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд гэрээгээ 2025 он хүртэл сунгахаас татгалзсан гэж өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан “ПСЖ” тоглогчийг ирэх зун багаа чөлөөт агентын хувиар орхиж магадгүй гэж эмээж байгааг мөн онцолсон байна.