Германы Засгийн газар хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжихэд 20 тэрбум евро зарцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН. /Bloomberg/. Германы Канцлер Олаф Шольцын засгийн газар улс орныхоо технологийн салбарыг бэхжүүлэх, геополитикийн байдал улам хурцдаж байгаатай холбогдуулан чухал эд ангийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжихэд 20 тэрбум евро зарцуулахаар төлөвлөж байна.
Энэ талаар “Bloomberg” агентлаг уг төлөвлөгөөг боловсруулахад оролцсон эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, санхүүжилтийг ХБНГУ-ын Уур амьсгал, шилжилтийн сангаас олгох бөгөөд 2027 он хүртэл дотоодын болон олон улсын компаниудад олгох аж.
Энэхүү санг анх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор байгуулсан боловч Германы эрх баригчид засгийн газрын тогтмол зардлыг хязгаарлахыг зорьж байгаа тул үйл ажиллагааг нь өргөжүүлжээ.
Засгийн газар АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Intel” компанийн Германд барих шинэ үйлдвэрт 10 тэрбум еврогийн татаас олгохоор тохиролцсоноос гадна, Тайванийн “TSMC”, Германы “Infineon Technologies AG” зэрэг компаниудад дахин 7 тэрбум еврогийн татаас олгохоор хэлэлцээ хийж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Үүнээс гадна, чипний үйлдвэрлэлийг дэмжих төлөвлөгөөгөөр нэмэлт төслүүдэд дор хаяж 3 тэрбум евро олгоно гэсэн үг юм.