АНЭУ “COP28”-ын үеэр идэвхтнүүдийг тайвнаар жагсахыг зөвшөөрнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
АБУ-ДАБИ. /AFP/.
АНЭУ энэ жилийн НҮБ-ын уур амьсгалын
асуудлаарх чуулганы үеэр байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдэд “тайвнаар
жагсаал цуглаан хийхийг” зөвшөөрнө гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
Газрын тосны
арвин нөөцтэй АНЭУ Уур амьсгалын тухай НҮБ-ын
Суурь конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 28 дахь удаагийн чуулганыг /COP28/ бизнесийн төв Дубай хотдоо энэ оны 11-12
дугаар сард зохион байгуулна. Тус улсад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад албан ёсны зөвшөөрөл шаардлагатай байдаг бөгөөд үймээн самуун үүсэж болзошгүй гэж үзсэн жагсаал цуглааныг хориглодог байна.
"НҮБ-ын чуулганы үеэр байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдэд тайвнаар жагсах, дуу хоолойгоо өргөх орон зайг олгох болно" гэж АНЭУ мэдэгджээ. Энэ талаар Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцтой хамтран гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. Хамтарсан мэдэгдлийг АНЭУ-ын “WAM” агентлаг нийтэлсэн байна. “COP28” чуулганыг даргалагч Султан Аль-Жабер, Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стилл нар чуулганыг зохион байгуулах тухай хоёр талын хэлэлцээрт Абу-Даби хотноо гарын үсэг зурсны дараа дээрх мэдэгдлийг гаргажээ.