“Fitch” агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог
гурван том агентлагийн нэг болох “Fitch” мягмар гарагт АНУ-ын
зээлжих зэрэглэлийг “AAA” байсныг “AA+” болгон бууруулжээ.
“Fitch” агентлаг АНУ-ын санхүүгийн ирэх гурван жилийн төлөв байдал тэргүүтэй бусад хүчин зүйлийг харгалзан зээлжих зэрэглэлийг нь бууруулжээ. Тус улсын зээлжих зэрэглэлийг хамгийн сүүлд 2011 оны наймдугаар сард “Standard & Poor's” агентлаг мөн адил нэг шатлалаар бууруулж байв.
“Fitch”-ийн мэдэгдэлд АНУ-ын засгийн газрын өрийн дарамт их байгаагийн сацуу тасралтгүй нэмэгдэж буйг, түүнчлэн ирэх гурван
жилд тус улсын санхүүгийн нөхцөл байдал
дордож
магадгүй байгааг дурджээ. Мөн сүүлийн 20
жилд АНУ-ын засаглалын чадвар мэдэгдэхүйц суларсныг тэмдэглэсэн байна.
Харин АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мягмар гарагт “Fitch” агентлагийн шийдвэртэй огтхон ч санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, “хоцрогдсон мэдээлэлд тулгуурласан дур зоргоороо үйлдэл” гэж тодорхойлжээ. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден, Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх болж буй Бүгд найрамдах намын гишүүд улсын өрийн таазыг өндөрсгөхтэй холбоотой асуудлаар олон сарын турш ширүүн мэтгэлцсэний эцэст зургаадугаар сард тохиролцоонд хүрснээс хоёр сарын дараа “Fitch” дээрх шийдвэрийг гаргажээ.