Хамтын нийгэмлэгийн орнуудын спортын наадмыг зохион байгуулах хүсэлтээ Канадын муж цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-08-04 14:02:35

ОТТАВА. /BBC/. Канадын Альберта мужийн засаг захиргаа олон улсын спортын тэмцээнийг зохион байгуулах зардал нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2030 онд болох Их Британийн Хамтын нийгэмлэгийн орнуудын спортын наадмыг зохион байгуулахаар хүсэлт мэдүүлгээ өгөх гэж байснаа цуцалжээ.


Тус мужийн Эдмонтон, Калгари хотуудад уг наадмыг 2030 оны наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байсан юм.

Гэтэл наадмын зардал 2.7 тэрбум канад.долларт /2 тэрбум ам.доллар/ хүрэхээр байгаа нь мужийн хувьд санхүүгийн хэтэрхий хүнд дарамт болж байна гэдгийг мужийн Аялал жуулчлал, спортын сайд Жосеп Шоу мэдэгджээ. Түүний хэлснээр, корпорациудын ивээн тэтгэлэг, шууд дамжуулалтаас орох орлого зэргийг тооцож үзэхэд нийт зардлын 93 хувь нь татвар төлөгчдийн нуруун дээр буух төлөвтэй байгаа аж. Анх төлөвлөснөөр бол, спортын наадам 2030 оны наймдугаар сард Калгари, Эдмонтон хотууд болон цууцина ба энох кри уугуул үндэстнүүд оршин суудаг газруудад 11 өдрийн турш болох ёстой.   


Ташрамд дурдахад, өнгөрсөн сард Австралийн Викториа муж улсын эрх баригчид "төсвөөс хэт өндөр зардал гарна" гэх шалтгаанаар 2026 оны Хамтын нийгэмлэгийн орнуудын спортын наадмыг зохион байгуулахаас татгалзсан билээ. 





関連ニュース