Америк-Хятадын худалдааны эргэлт эрс саарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН./ The
Washington Post/. Энэ
оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд Америкийн компаниудын Хятадаас
импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй
харьцуулахад 24 хувиар буурчээ.
Хоёр тал худалдаа-эдийн засгийн харилцаагаа
хэвийн болгохын тулд хүчин чармайлт гаргасаар байгаа боловч байдал төдийлөн
сайжрахгүй байна. Тухайлбал, HP, Lego зэрэг Америкийн компаниуд
Хятадын нийлүүлэгчдээс хамааралт байдлыг багасгахын тулд нийлүүлэлтийн
сүлжээгээ төрөлжүүлэн шинэчлэхийг оролдож байна. Ер нь бол, компаниуд “хоорондоо өрсөлдөж
буй хоёр их гүрний дунд хавчуулагдах”-ыг хүсэхгүй байгаа юм. Үүнээс шалтгаалан
2023 оны 5 дугаар сарын дүн мэдээгээр, АНУ-ын худалдааны гол түнш нь Мексик болжээ.
Цар тахлаас өмнө импортын бараанд
америкчуудын зарцуулж байсан 4 доллар тутмын 1 нь Хятадын бараанд ногдож байсан
бол өдгөө 6 доллар тутмын 1 болж буурчээ. Мөн Хятадаас Японд нийлүүлж буй
барааны хэмжээ багассан бол харин Герман, Францын импортод өөрчлөлт гараагүй аж.
Өмнөх ерөнхийлөгч Д.Трампын үед Хятадаас
импортолж буй барааны 2/3-т нь худалдааны татвар шинээр ногдуулсан нь импортод
нөлөөлсөн. Түүнчлэн Хятадын үйлдвэрүүдэд цалин хөлс нэмэгдсэн, Хятадын удирдагч
Ши Жинпиний явуулж буй төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн
бодлого, мөн Ж.Байдены засаг захиргаанд болгоомжлонгуй ханддаг зэрэг нь
хоёр орны худалдаанд сөргөөр нөлөөлжээ.
Вашингтоны зүгээс энэ бүх шалтгааныг тайлбарлахдаа “АНУ-ын хувьд Хятадтай тогтоосон эдийн засгийн харилцаагаа
таслахыг хүсэхгүй байгаа, харин АНУ ба түүний холбоотон орнууд руу чиглэсэн нийлүүлэлтийн
амин чухал сүлжээнүүдийг шинэчлэн өөрчлөх замаар эрсдэлийг бууруулахыг эрмэлзэж
байна” гэдэг. Үүний сацуу, үндэсний аюулгүй байдлын гэх шалтгаанаар Америкийн
тал хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагчдыг Хятадад нийлүүлэхээ хязгаарласан төдийгүй Хятадын технологийн салбарт оруулж буй Америкийн хөрөнгө оруулалтанд
шинээр хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байна.