Хятадын тэрбумтан эмэгтэйн хөрөнгө хамгийн ихээр багасчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNN/. Хятадын хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг, “Country Garden” үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Ян Хуэйянь барилгын компани нь дампуурлын ирмэгт ирсний улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн тэрбумтнуудын дундаас хамгийн ихээр "ядуурсан" тухай “Bloomberg” агентлаг лхагва гарагт мэдээлжээ.
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр,
түүний хөрөнгийн хэмжээ 2021 оны зургаадугаар сараас хойш 84 хувиар буюу 28.6 тэрбум
ам.доллароор багассан байна. Одоогийн байдлаар Я.Хуэйянийн хөрөнгө 5.5 тэрбум
ам.доллароор үнэлэгдэж, “Bloomberg”-ийн жагсаалтын 475 дугаарт бичигдэж байна. Тэрбээр мягмар гарагт л гэхэд
490 сая доллароо алдсаныг индексийн мэдээлэл харууллаа.
Нэгэн цагт Хятадын
хамгийн том үл хөдлөхийн компани байсан “Country Garden” ам.доллароор гаргасан хоёр бондын хүүгийн төлбөрийг төлж чадаагүй тухай мэдээлэл мягмар
гарагт цацагдсан нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар дахин уналтад орж
болзошгүй гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчдад төрүүлжээ. Үүний улмаас компанийн хувьцааны ханш Хонконгт 16 хувиар унасан байна.
“CNN” телевиз энэ талаар тодруулга авахаар “Country
Garden” компанид ханджээ.
Борлуулалт буурч, дахин санхүүжилтийн орчин хүндэрсний улмаас “Country Garden” компани “түр зуурын санхүүгийн бэрхшээлд орсон" гэж Хятадын төрийн өмчит “Paper.cn” цахим сонин тус компанийн нэрээ нууцалсан эх сурвалжийг эш татан мэдээллээ. Улмаар компани өрийн асуудлаа шийдвэрлэхийн тулд санхүүжилтийг идэвхтэй хайж байгаа бөгөөд зээлдүүлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаална гэж амлажээ. Одоогоор "компани үүргээ биелүүлээгүй” гэж зарлахаас өмнө 30 хоногийн хугацаа үлдээд байгаа юм.
Нэгэн үед эрчимтэй хөгжиж байсан Хятадын үл хөдлөх
хөрөнгийн салбар нь тус улсын ДНБ-ий 30 орчим хувийг бүрдүүлдэг байв. Гэвч хоёр
жилийн өмнө “Evergrande” компани дампуурсны улмаас барилгын олон том компани асар их өр төлбөрт унажээ.
“Country
Garden” нь 2007 онд Хонконгт
1.7 тэрбум ам.долларын IPO хийж, дээд амжилт тогтоосноор зах зээлд гарч
ирж байв. Энэ оны гуравдугаар сард Я.Хуэйянь
өөрийн эцэг Ян Гуочяны халааг авч, түүний үүсгэн байгуулсан компанийн захирлаар томилогджээ.