Германд нүүрлэсэн чипний хомсдол олон жил үргэлжилнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН. /Reuters/. Германы автомашин
үйлдвэрлэлийн салбарт доголдол үүсгээд буй хагас дамжуулагчийн хомсдол
нь чип үйлдвэрлэгч компаниуд Германд үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байгаагаас үл шалтгаалан олон жилийн турш үргэлжлэх төлөвтэй байна гэж “Audi” компанийн ахлах менежер ярьжээ.
Сүүлийн жилүүдэд Германы автомашин, цахилгаан бараа үйлдвэрлэгчид дэлхий дахинд нүүрлээд буй
чипний хомсдолоос үүдэлтэй үйлдвэрлэлийн сааталд нэрвэгдээд
байгаа юм. Үүнтэй холбоотойгоор компанийн удирдлагууд, бодлого боловсруулагчид
нийлүүлэлтийн сүлжээнүүдээ төрөлжүүлж, Ази, АНУ-ын цөөхөн чип нийлүүлэгчээс
хамааралт байдлыг багасгахыг оролдож байна.
Үүний сацуу Герман улс дэлхийн чипний хамгийн том үйлдвэрлэгчдийг олон тэрбум
еврогийн татаасаар урин дуудаж байна. Үүний дүнд АНУ-ын “Intel”, Тайванийн “TMSC” зэрэг компаниуд
Германд үйлдвэрүүдээ байгуулна гэдгээ энэ онд зарласан ажээ.
“Гэсэн ч энэ бүгдэд олон жилийн хугацаа, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай” гэж “Audi” компанийн нийлүүлэлт хариуцсан захирал Ренат Вахенауэрийн ярьсныг “Augsburger Allgemeine” сонинд эш татан мэдээлжээ. Мөн тэрбээр хэлэхдээ "автомашин үйлдвэрлэгчид өдгөө 8000 төрлийн тээврийн хэрэгсэлд ашиглагдаж буй чипний төрлүүдийг цөөлснөөр үйлдвэрлэл саатах эрсдэлийг бууруулах боломжтой" гэдгийг дурдлаа. “Хагас дамжуулагчийн нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд олон хөшүүргийг ашиглахаас гадна тодорхой хэмжээгээр нөөцлөх хэрэгтэй” гэж Р.Вахенауэр ярьжээ.