ӨМНӨГОВЬ: Боловсрол, өв соёлын хөгжлийг дэмжих чиглэлээр төлөвлөгөөт ажлууд хийгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-15 11:58:39

Даланзадгад /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар нь соёл, боловсролын үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Дэлхийн мөрөөдлийн сургууль” болон “Наран Шожи Монголиа” ХХК-тай хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Тус үйл ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан бөгөөд Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд, ЗДТГ-ын дарга А.Ганзуузай, Дэлхийн мөрөөдлийн сургуулийн захирал Б.Мөнхдэлгэр, “Наран Шожи Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Соёмбо болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

Хамтын ажиллагааны хүрээнд талууд “Нүүдлийн соёлын боловсрол”, Монгол өв соёлтой холбоотой гадаад, дотоод хамтын ажиллагааг бэхжүүлэх, Нүүдлийн соёлын зуслангийн салбарыг Даланзадгад суманд шинээр байгуулах, хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуулиудтай хамтарсан ажлуудыг зохион байгуулах, төрийн албан хаагчдын мэргэжлийн болон гадаад хэлний түвшинг ахиулах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, ахлах ангийн сурагчдын гадаад хэлний чадавхийг тогтвортой сайжруулах, Би сурагч хөтөлбөрийг хэрэгжүүлэн ISSP олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний онлайн шалгалтыг жил бүр зохион явуулах, шалгарсан сурагчдыг тэтгэлэгт холбох, Англи, Япон, Солонгос, Хятад хэлний төв байгуулах, хилийн чанадад сурагч солилцооны хөтөлбөрийг хамтран зохион байгуулах, хүний хөгжлийн хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарт хамтран ажиллахаар  санамж бичигт тусгажээ. 

関連ニュース