ӨМНӨГОВЬ: “Мөрөөдөлдөө хүрэх анхны алхам” манлайллын хөтөлбөрт сурагчид хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-21 15:31:24

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 22 сургуулиас шалгарсан шилдэг сурагчид БНСУ-ын Бусан хотод хэрэгжиж байгаа сурагч солилцоо хөтөлбөрт амжилттай хамрагдаж байна.

 

Тус хөтөлбөрт сургууль тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулсан бөгөөд шалгарсан сурагчид 2023 оны наймдугаар сарын 11-25-ны хооронд БНСУ-ын Бусан хотод зочлон 14 хоногийн турш суралцах юм.


Сурагчид Бусан хотын 23 жилийн туршлагатай олон улсын Сorem education зусланд зохион байгуулагдаж буй “Мөрөөдөлдөө хүрэх анхны алхам” манлайллын хөтөлбөрт хамрагдаж Им Дун Гу докторын "Ирээдүйд эрэлттэй мэргэжил", Ян Сонгил докторын "Хувь хүний онцлог шинж чанараа тодорхойлох нь" лекцүүдийг сонсч, өдөр бүр биеэ чийрэгжүүлэн таеквондогоор хичээллэж байна.


Мөн БНСУ-ын алдарт Хэүндэ далайн эрэгт амарч, эртний нийслэл Дэигү хотоор аялан, тус хотын орчин үеийн түүхийн музей, Гамчион соёлын тосгон болон тухайн үеийн дүрвэгсдийн бүтээсэн өвөрмөц тосгон зэргийг үзэж сонирхжээ.

 

Хөтөлбөрийн сургалт, лекцүүд англи хэлээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Солонгосын томоохон их сургуулиудын нэг Dongseo их сургууль, БНСУ-ын үндэсний Далай Тэнгисийн их сургуулийн захирлууд сурагчдыг хүлээн авч уулзан, лекц сургалтыг зохион байгуулж сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулсан бол үргэлжлүүлэн сурагчид далай тэнгисийн үндэсний музейг үзэж Солонгосын алдарт дуурийн театрт дуурь үзэж тухайн улсын соёлтой танилцлаа.   

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж байгаа сурагч солилцоо хөтөлбөр нь сурагчдыг чадваржуулж, авьяас чадварыг нээн хөгжүүлж мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ үйл ажиллагааны хүрээнд сурагчид “Мөрөөдөлдөө хүрэх анхны алхам” манлайллын хөтөлбөрт хамрагдаж сургалтын туршид  бие биенээ хүндлэн хайрлах, баг хамт олон болж цаашид суралцахад дасан зохицох зэрэг олон ур чадварыг давхар эзэмших юм.


関連ニュース