ӨМНӨГОВЬ: "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд 45 өвлөн уламжлагч оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас зохион байгуулсан "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Өмнөговь аймгаас 45 өвлөн уламжлагч оролцжээ.
Наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдсан тус фестивальд 21 аймаг, нийслэл, соёл урлагийн байгууллагууд, нүүдэлчин соёлтой 10 улс орны төлөөллүүд оролцож соёлын биет бус өвийн илэрхийллүүдийг үзэгч түмэндээ дэлгэн харууллаа.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Өмнөговь аймгаас хамгийн өндөр настай нь Баяндалай сумын харьяат 84 настай, өвлөн уламжлагч Д.Дондив, МУГЖ Ө.Батжаргал, Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч С.Мөнхжаргал, СТА, ерөөлч магтаалч Ж.Давгасамба, СТА, бүжигчин, бүжиг дэглээч, бүжгийн ахмад багш Б.Аюуш тэргүүтэй 45 өвлөн уламжлагч, ахмад уран бүтээлч, ардын авьяастнууд зэрэг нийт 75 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 58 төрлийн 600 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж, говь нутгийнхаа соёлын өв уламжлалыг сурталчлан таниуллаа.
Өвлөн уламжлагч Д.Дондив нь хуурын татлага, магтаал хайлах, домог хууч яриа, мал
маллах арга ухаан гээд соёлын биет бус өвийн ай савуудын төрөл зүйлийг өвлөн
уламжлуулж яваа ардын авьяастан юм.
Фестивалийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн отог ингэ хөөслөх, тэмээг худгаас ховоогоор
ус татан услаж говь нутгийн тэмээчдийн тэсвэр хатуужлыг харуулах, заг модыг элсэн
хөрсөнд суулгасан зэрэг говь нутгийн онцлогийг харуулж бодит орчныг бүрдүүлэн тохижуулж оролцсоноороо онцлогтой байлаа.
Фестивалийн үйл ажиллагааны үеэр Өмнөговь аймгийн урлаач, МУУГЗ А.Довчиндаваа агсны зээ хүү О.Хүүбаатар Засгийн газрын шагнал “Ардын авьяастан” хүндэт тэмдгээр шагнуулжээ.
Өмнөговь аймгийн НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн:
-Тус үйл ажиллагаанд Өмнөговь аймаг өндөр
ач холбогдол өгч 75 хүний өргөн бүрэлдэхүүнтэй отго гарган ажиллалаа. Энэ жил
наадам цар хүрээгээ улам өргөжүүлэн нүүдлийн соёлыг
тээж яваа нийт 10 улс орноос төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааг дэмжин Өмнөговь
аймгийн соёл урлагийн салбарынхан, нийтлэг
үйлчилгээ, өв тээгчид гээд олон хүмүүс маш идэвхитэй хамтран ажилласанд талархаж байна.
Өмнөговь аймгийн Соёл
урлагийн газрын дарга Т.Мөнгөнтуул:
- Энэ жилийн фестивалийн
онцлог нь өнгөрсөн жилүүдэд ардын авьяастанууд оролцож байсан бол энэ удаа мэргэжилийн урлагийн байгууллагын уран бүтээлчид оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд үндэсний хөгжмийн 512 хөгжимчид нэрт хөгжмийн зохиолч
Б.Шаравын “Сэрсэн тал” аяыг тоглосон нь гайхалтай байлаа. Өмнөговь аймгийн 10
гаруй хөгжимчид үүнд оролцсон. Энэ жил фестиваль илүү цар хүрээтэй зохион
байгуулагдаж, өрсөлдөхөөсөө илүү өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байсан. Тиймээс
бид ч мөн адил говь нутгийнхаа өв соёлыг өргөн цар хүрээнд сурталчлан таниулж оролцлоо.
Монгол Улсын уран хатгамалч Т.Үүрийнтуяа:
- “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Өмнөговь аймгийн ЗДТГ-аас маш их ач холбогдол өгч ажиллаж зохион байгуулалттай оролцлоо. Түрүү жилийн үйл ажиллагаанд манай аймгийн урлаачдын бүтээл түрүүлж байсан. Энэ жилийн хувьд “Өмнөговьд үйлдвэрлэв” гээд нутгийн брэндүүдээ олон нийтэд сурталчлан таниулж борлуулахаар хичээн ажиллалаа. Би тав дахь үеийн уран хатгамалч хүн. Өнгөрсөн жил уламжлалт уран хатгамал болон торгоноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн гартал зөвхөн гараараа хийдэг зоосон ширээний урлалаар 10 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг минь өндөөр үнэлж уламжлалт уран хатгамалын төрөлд шилдгийн шилдгээр шалгаруулсанд маш их баяртай байдаг. Бид “Өмнөговьд үйлдвэрлэв” говийн брэнд бүтээгдэхүүн болох гоёо, хармаг, тэмээний чөмөгний тос, хөмүүл, эсгий ширмэл, аймгийн есөн гайхамшигийн нэг Ноён, Сэврэй хийцийн мөнгөн аяга, цагаан шүрэн хөөрөг, аяга, шүрэн хүзүүний гоёл, энгэрийн зүүлт, ээмэг, уламжлалт уран хатгамалаар хийсэн бүтээлүүд гэх мэт бүтээлүүдээр оролцлоо. Манай отгоор Өвөрмонгол иргэд их зочлон ирсэн. Оонын эврээр хийсэн хазаар ногтны өлгүүрийг их сонирхож үзсэн гэв.