Foxconn компани Хятадын мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТАЙБЭЙ, 2023 оны аравдугаар сарын 23 /CNBC/. Америкийн Apple компанийн ханган нийлүүлэгч, Тайванийн Foxconn /Hon Hai/ компанид татварын хяналт шалгалт хийж, охин компаниудынх нь газар ашиглалтыг шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдсаны дараа тус компани Хятадын эрх баригчидтай хамтран ажиллахаа мэдэгдлээ.
“Hon Hai компанийн Хятад дахь салбар
компаниудын олон оффист татварын шалгалт, мөн газар ашиглахтай
холбоотой шалгалт хийж байна” гэж Хятадын төрийн мэдлийн Global Times сонин ням
гарагт нэрээ нууцалсан эх сурвалжийг эш татан мэдээлсэн байна.
Hon Hai Technology Group нь гэрээт цахилгаан бараа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани юм. Тус
компани нь Apple-ийн iPhone гэх мэт өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг
угсардаг.
“Дэлхийн хаана ч үйл
ажиллагаагаа явуулахдаа хууль тогтоомжийг дагаж мөрдөх нь Hon Hai Technology
Group-ийн /Foxconn/ үндсэн зарчим юм. Холбогдох хяналт шалгалт, үйл
ажиллагааны талаар холбогдох нэгжүүдтэй идэвхтэй хамтран ажиллана” гэж ням
гарагт гаргасан компанийн мэдэгдэлд дурджээ.
Даваа гаргийн
өглөөний арилжаагаар Hon Hai-гийн
Тайбэйд бүртгэлтэй хувьцааны ханш 3.29 хувиар унасан байна.
Foxconn компанийн
үүсгэн байгуулагч Терри Гоу Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуульд
өрсөлдөхөө мэдэгдсэний дараа дээрх ажиллагааг эхлүүлжээ. Өөртөө захирах эрхтэй уг арлыг Бээжин өөрийн
нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж мэдэгддэг.
Т.Гоу оны эхээр сөрөг хүчний гол нам болох Гоминьданаас дахин нэр дэвшиж чадаагүй тул 2024 онд Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдгээ наймдугаар сард зарласан юм. 2019 онд Гоминьдан намаас өөр нэр дэвшигчийг дэвшүүлсний дараа тэрбээр сонгуульд нэр дэвшихээс татгалзаж байв.
Т.Гоу Foxconn-ын захирлын албан тушаалаас 2019 онд бууж, энэ оны есдүгээр сард компанийн удирдах
зөвлөлийн гишүүний албан тушаалыг хүлээлгэн өгчээ.